Найруулагч С.Бямбын “Зогсоол” уран сайхны кино 31 дэх удаагийн Бусаны олон улсын кино наадмаас дөрвөн шагнал хүртэж, Монголын кино урлагийн хувьд онцлох амжилт гаргалаа.
Тус бүтээл энэ сарын 11-нд Бусаны олон улсын кино наадмын “Vision To Asia” хэсэгт дэлхийн нээлтээ хийсэн бөгөөд наадмын шүүгчид болон кино шүүмжлэгчдийн анхаарлыг татжээ.
“Зогсоол” кино дараах дөрвөн шагналыг хүртсэн байна:
- “Vision of Jiseok Award”
- “Hylife Vision Award”
- Ази, Номхон далайн кино урлагийг дэмжих сүлжээний “NETPAC” шагнал
- Олон улсын шүүмжлэгчдийн “The International Critics Prize”
Шагналын тодорхойлолтод:
“Ёжлол, зүйрлэл, кино хэлний уран хослолоор дамжуулан цар тахлын үеийн хүмүүний зовлон зүдүүрийг нээн харуулж, бусдыг ойлгон энэрэх сэтгэл, сэтгэлийн хат, итгэл найдварын тухай гүн гүнзгий, сэтгэл хөдөлгөм эргэцүүллийг бэлэглэж байна”
хэмээн онцолжээ.
Цар тахлын үеийн Монголын амьдралыг өгүүлнэ
“Зогсоол” киноны үйл явдал Монгол Улсад коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдэж байсан үеийг тойрон өрнөдөг.
Алслагдсан сумын төвд амьдардаг хүмүүсийн өдөр тутмын амьдрал тухайн сумын цорын ганц шатахуун түгээх станцын эрхлэгч Хандаатай салшгүй холбоотой. Өрх толгойлсон залуу бүсгүй Хандаа сумын иргэдийн амьдралын чухал нэг хэсэг болдог ч киноны явцад түүний өөрийн амьдрал хэнээс, юунаас хамаарч байгааг аажмаар нээн харуулдаг байна.
Бүтээл цар тахлын хүнд нөхцөл, хүмүүсийн бие биедээ найдах хэрэгцээ, ганцаардал, энэрэл, тэсвэр хатуужил болон итгэл найдварын тухай өгүүлдэг.
“Зогсоол” уран сайхны кино 2026 оны арваннэгдүгээр сард Монголын үзэгчдэд албан ёсоор хүрэхээр төлөвлөжээ.