Загвар өмсөгч, реалити шоуны од Kendall Jenner өөрийг нь ойрын найз, загвар өмсөгч Cara Delevingne-тай үерхдэг гэх олон жилийн турш үргэлжилсэн цуурхлын талаар эцэст нь байр сууриа илэрхийлжээ.
Hulu платформын “The Kardashians” реалити шоуны наймдугаар улирлын шинээр цацагдсан трейлерт 30 настай Kendall Jenner энэ сэдвийг хөндөж, Cara Delevingne-тай романтик харилцаатай гэх яриаг үгүйсгэсэн байна.
Тэрбээр бичлэгийн үеэр “Кара бид хоёрыг үерхдэг гэсэн цуурхал байдаг ч энэ үнэн биш” хэмээн хэлж, энэ талаар тодорхой байр суурь илэрхийлжээ.
Харин дараагийн хэсэгт Delevingne-тай хамт дарсны хундага барин сууж байхдаа уг сэдвийг илүү хошигнолтой өнгө аясаар үргэлжлүүлсэн байна. Kendall “Гэхдээ би Каратай харилцаатай байхыг эсэргүүцэхгүй. Яагаад болохгүй гэж? Үүнийг хориглосон хууль байхгүй шүү дээ” хэмээн хэлэхэд түүний хажууд сууж байсан Cara Delevingne ч инээжээ.
Kendall Jenner болон Cara Delevingne нарын нөхөрлөл арав гаруй жилийн түүхтэй. Тэд 2014 онд загварын салбарт танилцсанаасаа хойш ойр дотно харилцаатай явж ирсэн бөгөөд нэг хэсэгтээ хоёрынхоо нэрийг нийлүүлсэн “CaKe” гэх хочийг хүртэл ашиглаж байжээ.
Kendall өмнө нь ч өөрийн бэлгийн чиг баримжаатай холбоотой цахим орчин дахь таамаг, сөрөг ярианы талаар нээлттэй ярьж байсан. Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сард нэгэн подкастад оролцохдоо “Интернэтэд намайг лесбиян гэж боддог хэсэг хүмүүс байдаг. Миний уурыг хүргэдэг зүйл нь хүмүүс энэ талаар ямар харгис байдлаар ханддаг явдал” хэмээн хэлжээ.
Мөн тэрбээр “Хэрэв би лесбиян байсан бол амьдралынхаа энэ үед үүнийг аль хэдийн илэн далангүй хэлчих байсан” хэмээн ярьсан байна.
Үүнээс гадна Kendall “Өнөөдрийн байдлаар би тийм биш. Гэхдээ амьдралд тохиож болох янз бүрийн туршлагын өмнө хаалгаа бүрэн хаахгүй” хэмээн өөрийн байр сууриа тайлбарлажээ.
Харин Cara Delevingne өнгөрсөн тавдугаар сарын нэгэн ярилцлагадаа өөрийгөө “өөрөөрөө бахархдаг лесбиян” хэмээн тодорхойлсон бөгөөд 2022 оноос Британийн дуучин Minke-тэй харилцаатай байгаа гэж нийтлэлд дурдсан байна.
Kendall Jenner-ийн хувьд гуравдугаар сараас эхлэн жүжигчин Jacob Elordi-той болзож байгаа гэх цуурхалд холбогдох болсон ч энэ талаар албан ёсны баталгаа гараагүй байна.
Kendall Jenner болон Cara Delevingne нарын нөхөрлөл, тэднийг тойрсон яриаг хөндсөн “The Kardashians” шоуны наймдугаар улирал аравдугаар сарын 8-наас Hulu платформоор цацагдахаар товлогджээ.