Мягмар, 11 сар 3, 2026
Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесМайкл Дуглас найз Жек Николсоныхоо биеийн байдал, өнөөгийн амьдралын талаар мэдээлэл хуваалцлаа

Майкл Дуглас найз Жек Николсоныхоо биеийн байдал, өнөөгийн амьдралын талаар мэдээлэл хуваалцлаа

0 сэтгэгдэлүүд

Холливудын нэрт жүжигчин, продюсер Майкл Дуглас олон жилийн турш дэлгэцийн уран бүтээл болон олон нийтийн хараанаас хөндийрч, нам гүм амьдарч буй өөрийн дотны найз, 89 настай алдарт жүжигчин Жек Николсоны биеийн байдлын талаар “The Independent” хэвлэлд ярьжээ. Түүний мэдээлснээр Николсон одоо Беверли-Хиллз дэх өөрийн харшид амьдарч байгаа бөгөөд биеийн байдал нь сайн, амар тайван өдрүүдийг өнгөрүүлж байгаа аж.

“Тэр кино урлагаас холдож, амарч тухлах гавьяатай”

Майкл Дуглас найзтайгаа үе үе уулздаг болохоо хуваалцаж, хамтдаа дахин зураг авалтад орох хүсэлтэй байсан ч түүний зодог тайлсан шийдвэрийг хүндэтгэж буйгаа илэрхийлсэн байна. Тэрбээр “Би Жектэй хамт кинонд тоглохыг маш их хүсдэг байсан. Гэвч тэр одоо дахин ажиллахгүй байгаа. Тэр олон нийтийн хараанаас бүрэн алга болсон, би үүнийг мэднэ. Гэхдээ би түүнтэй уулздаг хэвээрээ. Түүний бие сайн байгаа бөгөөд тэр ийнхүү амарч тухлах гавьяатай хүн” хэмээн ярьжээ.

2010 оноос хойших завсарлага ба эрүүл мэндийн нөхцөл байдал

Оскарын гурван удаагийн шагналт домогт жүжигчин Жек Николсон хамгийн сүүлд 2010 онд дэлгэцнээ гарсан “How Do You Know” (“Чи хаанаас мэдсэн юм?”) инээдмийн кинонд дүр бүтээснээсээ хойш кино урлагт дахин тоглоогүй билээ. Барууны хэвлэлүүд болон салбарын эх сурвалжуудын мэдээлснээр, тэрбээр өндөр нас зооглосны зэрэгцээ ой тогтоолтын доройтол буюу деменци өвчний улмаас зохиолын үгээ цээжлэхэд хүндрэлтэй болж, улмаар тэтгэвэртээ гарахаар шийдсэн гэдэг. Одоогоор жүжигчин олон нийтийн өмнө гарахгүй, гэрээсээ бараг гарахгүй байгаа бөгөөд түүний талаарх мэдээлэл зөвхөн цөөн дотны найзууд болон үр хүүхдүүдийнх нь сошиал орчинд хуваалцсан гэрэл зургаар дамжин үзэгчдэд хүрдэг байна.

Дэлхийн кино урлагийн алтан үеийн томоохон төлөөлөл болсон Жек Николсоны тухай мэдээлэл нь шүтэн бишрэгчдийнх нь хувьд үргэлж анхаарал татсан сэдэв хэвээр байдаг билээ. Алдарт жүжигчин өөрийн бүтээсэн олон арван домогт дүрүүдээ хүн төрөлхтөнд үлдээж, өтөл насандаа хувийн орон зай, нам гүм тайван орчинд амьдралаа үргэлжлүүлж байгаа нь олон арван жилийн нөр их хөдөлмөрийнх нь зохих үр шим болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх