Салалтын шинэчилсэн гэрээний дагуу жүжигчин хуучин эхнэртээ 60.85 сая ам.долларын үнэтэй үл хөдлөх хөрөнгийн эрхээ бүрэн өгсөн байна
Жүжигчин Бен Аффлек Беверли Хиллс дэх өндөр үнэтэй харшийнхаа бүх эзэмшлийг хуучин эхнэр Женнифер Лопест ямар нэгэн нөхөн төлбөргүйгээр шилжүүлсэн талаар мэдээлжээ.
Америкийн энтертайнмент хэвлэлүүдийн мэдээлснээр, хосууд саяхан хөрөнгийн хуваарилалтын гэрээгээ шинэчилж, түүнд “эхнэр, нөхөр хоорондын үл хөдлөх хөрөнгийн шилжүүлэг” гэсэн заалт оруулсан байна. Албан ёсны дэлгэрэнгүй мэдээлэл нийтлэгдээгүй ч энэ асуудалд ойр эх сурвалжийн хэлснээр, Аффлек уг харш дахь өөрийн бүх хувийг Лопест үнэ төлбөргүйгээр шилжүүлжээ.
Нэгэн цагт хамтын амьдралын бэлгэдэл байсан 12 унтлагын өрөөтэй харш одоо бүрэн Лопесын мэдэлд очив
Тус харшийг хосууд хамтран 2023 оны зургаадугаар сард ойролцоогоор 60.85 сая ам.доллароор худалдан авч байсан юм. Калифорни мужийн Беверли Хиллст байрлах энэхүү тансаг эдлэн 38 мянган хавтгай дөрвөлжин фут талбайтай, 12 унтлагын өрөө, 24 угаалгын өрөө, сагсан бөмбөгийн талбайтайгаараа тухайн үед ихээхэн анхаарал татаж байв. Мөн тэд уг үл хөдлөх хөрөнгийг бэлнээр худалдаж авсан гэх мэдээлэл ч гарч байсан.
Гэвч 2024 онд, гэрлэснээс хойш хоёр жилийн дараа тэдний харилцаанд асуудал үүсэж эхэлсэн бөгөөд удалгүй уг харшийг худалдаанд гаргажээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, Лопес энэ байшинг “хэтэрхий том” гэж үздэг байсан бол Аффлек ч мөн уг хөрөнгөнд төдийлөн дуртай байгаагүй аж. Эцэст нь Лопес 2024 оны наймдугаар сард салах өргөдлөө өгч, хосууд 2025 оны нэгдүгээр сард албан ёсоор гэрлэлтээ цуцалсан байна.
Салалтын дараа хоёр тал тус тусдаа шинэ байшинтай болсон ч харшийн ирээдүйн эрх мэдэл одоо зөвхөн Лопест үлджээ
Салалтын дараа Бен Аффлек хуучин эхнэр Женнифер Гарнераас төрсөн гурван хүүхэдтэйгээ ойр байхын тулд Pacific Palisades дүүрэгт 20.5 сая ам.долларын үнэтэй шинэ байшин худалдан авчээ.
Харин Женнифер Лопес 2025 оны гуравдугаар сард Лос-Анжелест 18 сая ам.долларын үнэтэй шинэ байшин руу нүүсэн бөгөөд өмнөх нөхөр Марк Энтонигоос төрсөн ихэр хүүхдүүд болох Макс, Эмме нартайгаа тэнд амьдарч байгаа аж.
Хэдийгээр тэд анх харшаа зарахыг оролдсон ч хэт өндөр үнэ болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн таагүй нөхцөл байдлаас шалтгаалан худалдааны зараа буцаан татсан байна. Харин энэ удаагийн эзэмшлийн шилжүүлгийн дараа уг харшийн цаашдын хувь заяаг шийдэх бодит эрх мэдэл бүрэн Женнифер Лопест очжээ.