Shakira Латин хөгжмийн түүхэнд шинэ амжилт тогтоож, дэлхийн аялан тоглолтын нийт орлогоо 500 сая ам.доллараас давуулсан гэх мэдээлэл гарлаа. Түүний “Las Mujeres Ya No Lloran World Tour” тасалбарын борлуулалт, үзэгчдийн тоо болон эдийн засгийн нөлөөгөөрөө Латин уран бүтээлчдийн аялан тоглолтын дундаас онцгой амжилтад хүрсэн байна.
Shakira саяхан Испанийн Madrid хотод 13 тоглолтоос бүрдсэн томоохон цуврал тоглолтоо дуусгажээ. Энэхүү цуврал тоглолтыг нийт 700 мянга гаруй хүн үзсэн гэж мэдээлэгдэж байна.
Өнгөрсөн есдүгээр сард зохион байгуулагдсан Madrid дахь тоглолтууд Европын амьд хөгжмийн салбарын хувьд томоохон хэмжээний төсөл болсон бөгөөд хотын эдийн засагт 200 сая ам.доллараас давсан үр нөлөө үзүүлсэн гэж тооцоолжээ.
Зочид буудлын захиалга, аялал жуулчлалын эрэлт ч эрс өсөж, зарим тооцоогоор Пап ламын айлчлал болон Formula 1-ийн томоохон арга хэмжээнээс ч илүү эдийн засгийн идэвх бий болгосон байна.
4 сая гаруй тасалбар, 534 сая ам.долларын орлого
Madrid дахь цуврал тоглолтын үеэр Shakira олон улсын нэр хүндтэй уран бүтээлчидтэй хамтарсан үзүүлбэрүүд толилуулжээ. Тэдний дунд Dua Lipa, Maluma, Alejandro Sanz болон Bizarrap зэрэг уран бүтээлч багтсан гэж мэдээлсэн байна.
АНУ-ын тоглолтын салбарын Pollstar хэвлэлийн есдүгээр сарын LIVE75 жагсаалтад Shakira анх удаа нэгдүгээр байрт оржээ.
“Las Mujeres Ya No Lloran World Tour”-ын нийт тасалбарын борлуулалт 4 саяыг давж, нийт орлого нь 534 сая ам.долларт хүрсэн байна. Энэ үзүүлэлтээрээ уг аялан тоглолт Латин хөгжмийн түүхэн дэх хамгийн өндөр орлоготой аялан тоглолт болсон гэж мэдээлэгдэж байна.
Madrid-д тоглолтын зориулалтаар “Shak’s City” нэртэй, 185 мянган ам метр талбай бүхий тусгай орон зай хүртэл байгуулжээ. Тус орчныг дэлхийд алдартай архитектурын BIG компани төлөвлөсөн гэж мэдээлсэн байна.
Энд зөвхөн тоглолт бус, хөгжим, урлаг, загвар, хоолны соёлыг хослуулсан өргөн хүрээний фестиваль зохион байгуулсан нь Shakira-гийн аялан тоглолтыг энгийн концертын форматаас илүү том соёлын арга хэмжээ болгон хувиргажээ.
Мөн Madrid дахь цуврал тоглолтын шууд дамжуулалт Amazon Music платформ дээр эмэгтэй уран бүтээлчийн шууд тоглолтын үзэлтийн шинэ дээд амжилт тогтоосон гэх мэдээлэл гарсан байна.
Ингэснээр Shakira зөвхөн концертын орлогоороо бус, хотын аялал жуулчлал, зочид буудал, худалдаа, соёлын арга хэмжээний идэвхэд ч томоохон нөлөө үзүүлж, Латин поп хөгжмийн олон улсын зах зээл дэх байр сууриа дахин бататгалаа.