Долдугаар сарын 4-ний Last Day Ticket борлуулж эхэлжээ
“Playtime Festival 2026” наадмын хамгийн оргил өдөр болох долдугаар сарын 4-ний бямба гарагийн нэг өдрийн тасалбар буюу Last Day Ticket албан ёсоор худалдаанд гарлаа.
Энэ жил зохион байгуулагчид тасалбарын сонголтоо өргөжүүлж, одоогоор худалдаалагдаж буй хоёр болон гурван өдрийн тасалбаруудаас гадна зөвхөн фестивалийн сүүлийн өдөрт оролцох хүсэлтэй үзэгчдэд зориулан тусгай нэг өдрийн тасалбар гаргажээ.
Ингэснээр бүтэн гурван өдөр оролцох боломжгүй ч наадмын хамгийн өргөн цар хүрээтэй, оргил хөтөлбөрийг үзэхийг хүссэн үзэгчдэд шинэ боломж нээгдэж байна.
Сүүлийн өдөр хамгийн өргөн хөгжмийн хөтөлбөртэй байна
Фестивалийн сүүлийн өдөр энэ жилийн хамгийн олон өнгө аяс, урсгал чиглэл огтолцсон хөгжмийн хөтөлбөрөөр өндөрлөхөөр байна.
Энэ өдөр дэлхийн болон Монголын хөгжмийн тайзнаа өөрийн байр сууриа эзэлсэн олон уран бүтээлч үзэгчдэд уран бүтээлээ хүргэнэ.
Наадмын төгсгөлийн үдэш рок, жазз, электрон, альтернатив, экспериментал зэрэг олон урсгал нэг тайзан дээр огтлолцож, “Playtime Festival”-ийн хамгийн дурсамжтай өдрүүдийн нэг болох төлөвтэй байна.
Stereolab болон HYUKOH хөтөлбөрийг тэргүүлнэ
Долдугаар сарын 4-ний өдрийн гол хөтөлбөрийг Франц-Британийн домогт “Stereolab” болон Өмнөд Солонгосын орчин үеийн indie хөгжмийн хамгийн нөлөө бүхий хамтлагуудын нэг “HYUKOH” тэргүүлэх юм.
Эдгээр хоёр нэр нь фестивалийн олон улсын өнгө төрхийг илүү тодотгож, Монголын үзэгчдэд дэлхийн альтернатив, indie хөгжмийн томоохон төлөөллүүдийг нэг дор үзэх боломж олгоно.
Харин электрон хөгжмийн тайзнаа Helena Hauff, DJ Stingray 313, Identified Patient зэрэг артистууд тоглож, фестивалийн сүүлийн өдрийн эрч хүч, хэмнэлийг тодорхойлох байна.
Монголын болон олон улсын 40 гаруй артист оролцоно
Last Day Ticket-ээр үзэх боломжтой нэг өдрийн хөтөлбөрт олон улсын болон Монголын 40 гаруй уран бүтээлч, хамтлаг оролцохоор болжээ.
Тэдний дунд “The Lemons”, “HONH”, Enji, Lord Spikeheart, One Click Straight, “Fat Cat” Jazz Club, “Silhouette Tuesday”, JPBS, IWKC зэрэг артистууд багтаж байна.
Эдгээр уран бүтээлчид өөр өөр хөгжмийн урсгал, тайзны хэлбэр, дуугаралтаараа фестивалийн сүүлийн өдрийг хамгийн олон талт, эрч хүчтэй үдэш болгохоор бэлтгэж байгаа аж.
24 дэх жилдээ зохион байгуулагдах түүхэн lineup
“Playtime Festival 2026” долдугаар сарын 2-4-ний өдрүүдэд “Playtime” хүрээлэнд зохион байгуулагдана.
Фестиваль энэ жил 24 дэх удаагаа болох бөгөөд олон улсын болон дотоодын нийт 124 артист, 17 улсын уран бүтээлчдийг нэгтгэсэн lineup-тайгаараа онцлог юм.
Зохион байгуулагчдын мэдээлснээр энэ нь “Playtime Festival”-ийн түүхэн дэх хамгийн өндөр төсөвтэй, хамгийн өргөн цар хүрээтэй lineup болж байна.
Олон улсын тайз, визуал продакшны багууд ажиллаж байна
Энэ жилийн фестивалийн бас нэг онцлох зүйл нь тайз, визуал бүтээн байгуулалтын хүрээнд олон улсын туршлагатай багууд ажиллаж байгаа явдал юм.
Тайландын “Big Mountain” болон “Wonderfruit” фестивалиудын тайзны бүтээлээр танигдсан продакшны багууд, мөн дэлхийн хэмжээний хөгжмийн наадмууд дээр ажиллаж байсан мэргэжилтнүүд “Playtime Festival 2026”-ийн тайз, визуал шийдэлд нэгдэн ажиллаж байна.
Энэ нь зөвхөн хөгжмийн хөтөлбөр бус, үзэгчдийн нийт фестивалийн туршлагыг илүү өндөр түвшинд хүргэх зорилготой аж.
Оргил өдрийг алдахыг хүсэхгүй үзэгчдэд зориулсан тасалбар
“Playtime Festival”-д бүтэн гурван өдөр оролцох боломжгүй ч хамгийн хүчтэй, хамгийн олон артисттай сүүлийн өдрийг үзэхийг хүсэж буй хүмүүст Last Day Ticket тохиромжтой сонголт болох юм.
Фестивалийн хамгийн өргөн хүрээтэй урлаг, хөгжмийн болон хөгжмийн бус хөтөлбөрүүд долдугаар сарын 4-нд төвлөрөх тул энэ тасалбар наадмын гол уур амьсгалыг мэдрэх боломжийг олгоно.
Тасалбаруудыг “Playtime Festival”-ийн албан ёсны вэбсайт www.playtimefestival.com болон албан ёсны тасалбар борлуулагч Shoppy.mn-ээр худалдан авах боломжтой.