Мисс М.Аззаяа арваннэгдүгээр сарын 1-21-ний өдрүүдэд БНСУ-д зохион байгуулагдах World Miss University (WMU) буюу Дэлхийн оюутан мисс шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор болжээ.
Олон улсын хэмжээнд зохион байгуулагддаг WMU нь зөвхөн гоо үзэсгэлэнгээр өрсөлддөг тэмцээн бус, дэлхийн улс орнуудын оюутан бүсгүйчүүдийг мэдлэг боловсрол, соёл, манлайлал болон энх тайвны үзэл санаагаар нэгтгэдгээрээ онцлог. 2026 оны тэмцээнд нийт 86 орны төлөөлөгч оролцохоор болсон байна.
Боловсрол, урлаг, спортыг зэрэг хөгжүүлжээ
М.Аззаяа одоо БНХАУ-ын Өвөрмонголын их сургуульд сүлжээ болон шинэ медиа чиглэлээр суралцаж байгаа аж.
Тэрбээр олон улсын тайзнаа Монголын залуу үеийн мэдлэг боловсрол, авьяас чадвар, үндэсний онцлогийг харуулах зорилготой оролцох гэж байна.
М.Аззаяа багаасаа урлаг, спортоор хичээллэж иржээ. Тэрбээр Монгол үндэсний бүжгээр бага наснаасаа хичээллэсэн бөгөөд 10 настайгаасаа таеквондог тууштай сонгож, Монгол Улсын спортын мастер цол хүртсэн байна.
Ийнхүү боловсрол, урлаг болон спортыг зэрэг хөгжүүлж ирсэн нь түүний World Miss University тэмцээнд Монгол Улсаа төлөөлөх гол давуу талуудын нэг болж байгаа юм.
“Miss Talent” шагналын эзэн болсон
М.Аззаяа олон улсын миссийн тэмцээний тайзнаа анх удаа гарах гэж байгаа биш.
Тэрбээр энэ аравдугаар сард Азийн гоо үзэсгэлэн, соёлын солилцоог сурталчилдаг “Miss Asia Awards 2026” олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцжээ.
Тус тэмцээнээс М.Аззаяа хамгийн нэр хүндтэй номинацуудын нэг болох “Miss Talent” буюу “Авьяаслаг мисс” шагналыг хүртсэн байна.
Энэ амжилтынхаа дараа тэрбээр арваннэгдүгээр сард БНСУ-д болох World Miss University 2026 тэмцээнд оролцож, 86 орны төлөөлөгчтэй нэг тайзнаа өрсөлдөх гэж байна.