BLACKPINK-ийн Lisa шинэ “Tarantino” дууныхаа клипийг танилцууллаа. Тус бүтээл Америкийн нэрт найруулагч Quentin Tarantino-гийн кино ертөнцөөс санаа авч, түүний алдарт бүтээлүүдийн хэв маяг, дүрслэл, уур амьсгалыг шууд санагдуулах олон элементийг ашиглажээ.
“Billboard” клипийг “гурван хагас минут үргэлжлэх цэвэр тагнуулын экшн” хэмээн тодорхойлсон байна. Видео клипийн найруулагчаар Grammy шагналт James Mackel ажиллажээ.
Клипийн үйл явдалд Lisa супер агентын дүрд тоглож, нууцлаг улаан захидлыг Quentin Tarantino-д хүргэх даалгавар авна. Тэр тансаг зочид буудалд ирэх бөгөөд даалгавраа биелүүлэх замд нь олон дайсан, мөргөлдөөн, экшн хэсгүүд гардаг.
“Kill Bill”, “Pulp Fiction”-ийг санагдуулам дүрслэл
“Tarantino” клипийн визуал хэсэгт спагетти-вестерн болон неонуар хэв маягийг хослуулжээ. Зарим зураглал нь “Kill Bill”, “Pulp Fiction” зэрэг Quentin Tarantino-гийн алдарт кинонуудын уур амьсгалыг санагдуулна.
Lisa-гийн дүр төрх ч клипийн туршид өөрчлөгдөж, тансаг, аюултай эмэгтэйн хэв маягаас эхлээд экшн хэсэгт тохирсон илүү хөдөлгөөнтэй, практик хувцаслалтад шилждэг байна.
Дууны үгэнд ч Tarantino-гийн бүтээлүүдийг шууд дурдсан хэсгүүд бий. Тухайлбал:
“Kill Bill demeanor”
мөн
“Death proof baby I do all my own stunts”
гэсэн мөрүүд оржээ.
Клипийн гол байршил болсон зочид буудлын интерьер нь Америкийн сонгодог кинонуудад гардаг хуучны мотелийн дүрслэлтэй төстэй шийдэлтэй.
Мөн клипийн концепц Lisa-гийн PlayStation-тай хамтарсан сурталчилгааны дүрстэй тодорхой хэмжээнд холбогдож байна. Тэрхүү сурталчилгаанд “Tarantino” дууг урьдчилан цухас сонсгож байсан бол шинэ клипэд PlayStation DualSense контроллер мөн харагджээ.
Рэп, вестерн, рок хосолсон дуу
“Tarantino” дуу хөгжмийн хувьд рэп, хамт дагаж дуулах хэсэг болон театрчилсан инструментал шийдлийг хослуулсан байна.
Дуу хүчтэй distortion гитарын риффээр эхэлж, дараа нь ковбой болон вестерн өнгө аястай хэмнэл рүү шилжинэ. Гол хэсэгт:
“It’s a movie baby, come and press play”
гэсэн мөр давтагддаг.
Шинэ дуу болон клипийг нийтэд гарсны дараа олон сонсогч эерэгээр хүлээн авчээ. Зарим үзэгч Lisa-гийн girl-crush хэв маягтай концепц түүнд зохиж байгааг онцолсон бол LLOUD Co. клипийн продакшн, зураг авалтад өндөр төсөв зарцуулсан нь харагдаж байна гэсэн сэтгэгдэл ч гарсан байна.
Өмнөх “SaWaDiKa” клип Бангкокийн өнгөлөг дүрслэлээр ялгарч байсан бол “Tarantino” энэ удаа неонуар зочид буудал, тагнуулын киноны уур амьсгал сонгосноороо өөр өнгө төрх үзүүлжээ.
Гэсэн ч шүүмжлэлгүй өнгөрсөнгүй. Зарим нетизен ковбой шүгэл, гитар зэрэг вестерн элементүүдийг хэтрүүлсэн, хүүхэлдэйн кино шиг сонсогдсон гэж үзсэн байна.
Мөн дууны эхэнд сонсогдох хүнд рок гитарын рифф цааш бүрэн хөгжиж рок чиглэлийн бүтээл болоогүйд харамссан сонсогчид ч байжээ. Харин дуу эцэстээ Lisa-гийн өмнөх бүтээлүүдэд ойр рэп болон поп бүтэц рүү шилжсэн байна.