Жүжигчин Park Si-hoo-г бусдын гэр бүл салгахад нөлөөлсөн гэх мэдээлэл сошиал орчинд тараасан эмэгтэйд Өмнөд Солонгосын шүүх 10 сарын хорих ял оноожээ. Шүүх уг эмэгтэйг хулгай, худал мэдээлэл тараан нэр хүндэд халдсан болон хувийн мэдээлэл хамгаалах хууль зөрчсөн хэрэгт буруутай гэж үзсэн байна.
Аравдугаар сарын 29-нд Park Si-hoo-ийн хууль ёсны төлөөлөгч, Hyemyeong Law Firm-ийн өмгөөлөгч Park Sung-bae мэдэгдэл гаргаж, Сөүлийн Зүүн дүүргийн шүүх аравдугаар сарын 22-нд анхан шатны шийдвэрээ гаргасныг мэдээлжээ.
Шүүх эмэгтэй А-г Park Si-hoo-ийн талаар худал мэдээлэл сошиалд нийтэлсэн, мөн хуучин нөхөр B-ийн гар утас болон паспортыг авсан, хувийн мэдээлэлтэй холбоотой хууль зөрчсөн зэрэг бүх зүйл ангиар буруутай гэж тогтоосон байна.
“Нөхөрт нь өөр эмэгтэй танилцуулсан” гэх мэдээлэл худал гэж тогтоогджээ
А өмнө нь Park Si-hoo-г өөрийн хуучин нөхөрт өөр эмэгтэй танилцуулж, гэр бүл нь салсан шалтгаанд нөлөөлсөн гэх утгатай мэдээлэл тараасан байна.
Үүний дараа Park Si-hoo худал мэдээллээр нэр хүндэд халдсан, хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль зөрчсөн зэрэг үндэслэлээр А-гийн эсрэг гомдол гаргажээ.
Мөн А-гийн хуучин нөхөр B ч тусдаа гомдол гаргасан бөгөөд мөрдөн шалгах явцад цахим орчинд худал мэдээллээр нэр хүндэд халдсан гэх асуудлыг үндэслэлтэй гэж үзэн хэргийг дараагийн шатанд шилжүүлсэн байна.
Шүүхийн шийдвэрт А нь B-ийн гар утас, паспортыг авсан, мөн мэргэжлийн байр сууриа ашиглан нэр хүндэд халдсан болон хувийн мэдээлэлтэй холбоотой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж дурджээ.
Шүүх ялыг тогтоохдоо үйлдлийн үр дагавар ноцтой байсан, хохирогчид уучлаагүй, хатуу шийтгэл хүссэн, мөн А өмнө нь цахим нэр хүндэд халдсан зэрэг хэрэгт торгуулж байсан нөхцөлүүдийг харгалзан үзсэн байна.
Нөгөө талаар хулгайн хэрэгтэй холбоотой сэдэлд А-гийн хүүхэдтэй холбоотой зарим нөхцөл байдал байсан, мөн торгуулиас хүнд ял шийтгэл өмнө нь авч байгаагүй, шүүх хуралдааны явцад бүх үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшсэн зэргийг мөн авч үзжээ.
“Энэ шийдвэрийн ач холбогдол нь худал мэдээллийг шүүх тогтоосонд оршино”
Park Si-hoo-ийн өмгөөлөгч Park Sung-bae:
“Энэ шийдвэрийн ач холбогдол нь жүжигчин Park Si-hoo-г хариуцагчийн хуучин нөхөрт өөр эмэгтэй танилцуулж, гэр бүл салгахад нөлөөлсөн гэх нийтлэлүүд худал мэдээлэл бүхий нэр хүндэд халдсан үйлдэл байсан гэдгийг шүүх тогтоосонд оршино”
хэмээн мэдэгджээ.
Тэрээр мөн:
“Практикт ийм төрлийн хэрэг ихэвчлэн торгуулиар шийдэгддэг. Харин энэ хэрэгт хулгай, нэр хүндэд халдсан, Хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль зөрчсөн үйлдлүүд бүгд тогтоогдсон, мөн сошиалаар худал мэдээлэл тараасан үр дагавар ноцтой байсан учраас шүүх 10 сарын бодит хорих ял оноосон. Хариуцагч шүүх хуралдааны үеэр бүх зүйл ангиа хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ 10 сарын хорих ялтай шийдвэрийг давж заалдсан”
гэж тайлбарласан байна.
Иймд уг 10 сарын хорих ял нь одоогоор анхан шатны шүүхийн шийдвэр бөгөөд А давж заалдах ажиллагаа эхлүүлжээ.
Park Si-hoo үйл ажиллагаагаа удаан хугацаанд зогсоосон гэж өмгөөлөгч мэдэгдэв
Өмгөөлөгчийн хэлснээр худал мэдээлэл цахим орчинд тарсны дараа Park Si-hoo олон нийтийн үйл ажиллагаагаа тодорхой хугацаанд зогсоох шаардлагатай болсон байна.
Тухайн үед түүний тоглосон кино нээлтээ хийх гэж байсан ч телевиз, энтертайнмент салбар дахь үйл ажиллагаа нь хязгаарлагдаж, кино болон драмын шинэ төсөлд оролцох боломжууд ч саатсан гэж түүний тал мэдэгджээ.
Park Sung-bae:
“Park Si-hoo-ийн тухай худал мэдээлэл сошиалаар тарснаар тэр нэлээд хугацаанд олон нийтийн үйл ажиллагаагаа зогсоох шаардлагатай болсон. Тэр дундаа тоглосон кино нь нээлтээ хийх гэж байсан үед ч телевиз, энтертайнмент салбар дахь ажил нь хязгаарлагдсан. Кино, драмд тоглох боломжууд нь ч ноцтойгоор тасалдсан бөгөөд үүний улмаас сэтгэл санааны болон санхүүгийн томоохон хохирол учирсан”
гэж мэдэгдсэн байна.
Мөн энэ хохирол зөвхөн Park Si-hoo-оор хязгаарлагдаагүй, киноны бүтээлч баг болон холбогдох бусад хүмүүст ч нөлөөлсөн гэж түүний өмгөөлөгч тайлбарлажээ.
Иргэний журмаар нөхөн төлбөр нэхэмжилж байна
Park Si-hoo-ийн тал А-гийн эсрэг иргэний журмаар хохирол барагдуулах нэхэмжлэл мөн гаргаад байгаа аж.
Өмгөөлөгч Park Sung-bae-ийн хэлснээр хариуцагчийн тодорхой хөрөнгийг түр битүүмжлэх ажиллагаа хийгдсэн бөгөөд эцсийн шүүхийн шийдвэрээс шалтгаалан албадан гүйцэтгүүлэх ажиллагаанд бэлтгэж байгаа байна.
Тэрээр:
“Худал, баталгаажаагүй мэдээлэл цахим орчинд тархаж, хүний нэр хүнд болон мэргэжлийн үйл ажиллагаанд ноцтой хохирол учруулдаг ийм тохиолдол дахин гарахгүй байхыг хүсэж байна”
хэмээн мэдэгджээ.