Лхагва, 10 сар 28, 2026
Нүүр хуудас K-dramaIU, ILLIT-ийн Wonhee нарын хамтарсан challenge 18 цагт 1.4 сая үзэлт давлаа

IU, ILLIT-ийн Wonhee нарын хамтарсан challenge 18 цагт 1.4 сая үзэлт давлаа

0 сэтгэгдэлүүд

IU болон ILLIT хамтлагийн Wonhee нарын хамтран хийсэн бүжгийн challenge богино хугацаанд цахим орчинд хүчтэй тархаж, 18 орчим цагийн дотор 1.4 сая гаруй үзэлт авчээ.

Аравдугаар сарын 27-нд ILLIT-ийн албан ёсны сошиал хуудсанд “#You’reUnderArrest with IU” гэсэн тайлбартай богино бичлэг нийтлэгдсэн байна.

Уг бичлэгт IU ILLIT-ийн шинэ дуу “You’re Under Arrest”-ын challenge-д Wonhee-тэй хамт оролцжээ. IU урт шулуун үстэй, цайвар цэнхэр судалтай цамц, сул өмд, цэнхэр өнгийн пүүз хослуулсан энгийн хэрнээ загварлаг төрхөөр гарсан байна.

Тэрээр дууны гол хөдөлгөөнүүд болох шүгэл үлээх болон гараараа бууны хэлбэр үүсгэх хэсгүүдийг чөлөөтэй гүйцэтгэж, богино бичлэгийн турш тайван хөдөлгөөн, нүүрний хувирлаараа өөрийн өнгө төрхийг харуулжээ.

Харин үзэгчдийн анхаарлыг хамгийн их татсан зүйл нь IU, Wonhee хоёрын хамтдаа харагдах төрх байв. 1993 онд төрсөн IU болон 2007 онд төрсөн Wonhee нар 14 насны зөрүүтэй ч зэрэгцэн зогсоход эгч дүүс шиг харагдаж байна гэсэн сэтгэгдэл олон гарчээ.

Бичлэгийн төгсгөлд тэд хамтдаа гараараа зүрхний дүрс үүсгэн pose хийсэн нь фэнүүдийн таашаалд нийцсэн байна.

Wonhee ч IU-тай challenge хийсэндээ ихэд догдолсноо нуугаагүй. Тэрээр аравдугаар сарын 28-нд Weverse-д:

“IU sunbaenim-тэй challenge хийчихлээㅠㅠ”

хэмээн бичжээ.

IU-ийн фэн гэдгээрээ танигдсан Wonhee уулзалтынхаа талаар:

“Тэр үнэхээр хөөрхөн, бас үзэсгэлэнтэй байсан. Миний хамгийн дуртай цомгуудын нэг болох Palette дээр гарын үсэг хүртэл авсан. Үнэхээр зүүд шиг санагдсан”

гэж сэтгэгдлээ хуваалцсан байна.

Энэхүү challenge ILLIT-ийн албан ёсны YouTube сувагт мөн нийтлэгджээ. Аравдугаар сарын 28-ны 16:00 цагийн байдлаар бичлэг 1.4 сая гаруй үзэлттэй болсон бөгөөд нийтлэгдсэнээс хойш ойролцоогоор 18 цаг өнгөрсөн байв.

IU бүжгийн challenge-д төдийлөн олон оролцдоггүй учраас энэ удаа ILLIT-ийн шинэ дууг дэмжин хамтарсан нь бичлэгийн сонирхлыг улам нэмэгдүүлсэн байна.

Цахим хэрэглэгчид ч хоёр уран бүтээлчийн төрх, харилцааг онцолж, “Эгч дүүс шиг харагдаж байна”, “IU үнэхээр залуу харагдаж байна”, “Хоёуланд нь төстэй уур амьсгал байна”, “IU, Wonhee хоёрыг хамт харна гэж бодоогүй” гэх мэт сэтгэгдэл үлдээжээ.

Одоогоор IU дуучин, жүжигчний карьераа идэвхтэй үргэлжлүүлж байгаа бол ILLIT “You’re Under Arrest” шинэ дуугаараа фэнүүдтэйгээ уулзаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх