Пүрэв, 10 сар 29, 2026
Нүүр хуудас K-dramaPark Si Hoo-г гэр бүл салгасан гэж буруутгасан мэдээлэл худал болохыг шүүх тогтоожээ

Park Si Hoo-г гэр бүл салгасан гэж буруутгасан мэдээлэл худал болохыг шүүх тогтоожээ

0 сэтгэгдэлүүд

Жүжигчин Park Si Hoo-г өөр хүний гэр бүл салгахад нөлөөлсөн гэх мэдээллийг сошиал сүлжээнд тараасан эмэгтэйд Сөүлийн Зүүн дүүргийн шүүх 10 сарын хорих ял оноожээ.

Шүүхийн шийдвэр аравдугаар сарын 22-нд гарсан бөгөөд тухайн эмэгтэйг худал мэдээллээр нэр хүндэд халдсан, Хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль зөрчсөн зэрэг хэрэгт буруутай гэж үзсэн байна.

Хэрэг 2025 оны наймдугаар сард эхэлсэн аж. Шүүгдэгч А нь хуучин нөхрийнхөө гар утас болон паспортыг авсны дараа Park Si Hoo түүний нөхөрт өөр эмэгтэй танилцуулсан, улмаар гэр бүл нь салсан гэх агуулгатай мэдээллийг цахим орчинд нийтэлжээ.

Park Si Hoo-ийн тал энэ мэдээллийг эхнээс нь үгүйсгэж, жүжигчин тухайн эрэгтэйд эмэгтэй хүн танилцуулсан явдал огт болоогүй гэж мэдэгдэж байсан юм.

Шүүх нийтлэлийг худал мэдээлэл гэж үзэв

Хэргийг хэлэлцсэн шүүх А-гийн нийтэлсэн мэдээллийг бодит баримтад тулгуурлаагүй, Park Si Hoo-ийн нэр хүндэд хохирол учруулсан худал мэдээлэл гэж дүгнэжээ.

Ял шийтгэл тогтоохдоо шүүх уг мэдээллээс үүдсэн хохирлын хэмжээ, хохирогчид А-г уучлаагүй, мөн хатуу шийтгэл хүссэн зэрэг нөхцөлийг харгалзан үзсэн байна.

Ингээд түүнд 10 сарын хорих ял оноожээ.

Гэхдээ хэрэг эцэслэн дуусаагүй байна. Шүүгдэгч А анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах хүсэлт гаргасан аж.

Park Si Hoo-ийн ажил, карьер тасалдсан гэж мэдэгдэв

Park Si Hoo-ийн талын мэдээлснээр худал мэдээлэл тарсны дараа жүжигчний олон нийтийн үйл ажиллагаа болон уран бүтээлийн ажилд шууд нөлөөлжээ.

Тухайн үед түүний тоглосон кино нээлтээ хийх гэж байсан ч үүссэн маргааны улмаас сурталчилгаа, телевизийн нэвтрүүлэг болон бусад энтертайнмент үйл ажиллагаанд оролцох боломж нь хязгаарлагдсан гэж түүний тал мэдэгдсэн байна.

Мөн цаашдын кино, драмын төслүүдэд оролцох боломжууд ч тодорхой хэмжээнд саатсан бөгөөд энэ нь санхүүгийн болон сэтгэл санааны хохирол дагуулсан гэж үзэж байгаа аж.

Park Si Hoo эрүүгийн хэргээс тусдаа иргэний журмаар нөхөн төлбөр нэхэмжилсэн бөгөөд энэ ажиллагаа үргэлжилж байна.

Ингэснээр Park Si Hoo-г өөр хүний гэр бүлийн харилцаанд оролцсон гэх сошиал мэдээлэл анхан шатны шүүхийн түвшинд худал болох нь тогтоогдож, нийтэлсэн эмэгтэйд бодит хорих ял оноосон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх