Saltburn, Dunkirk, The Banshees of Inisherin кинонуудаар танигдсан 34 настай Barry Keoghan мэс заслын бус арьс чангалах процедурт 3.5 мянга гаруй ам.доллар зарцуулсан нь олны анхаарлыг татжээ.
Жүжигчин өөрийн косметологичийн сошиал хуудсанд нийтлэгдсэн бичлэгт гарч, сүүлийн үед хийлгэж буй арьс арчилгаа болон гоо сайхны эмчилгээнийхээ талаар ярьсан байна.
Түүний хэлснээр одоо хоёр дахь удаагийн мэс заслын бус арьс чангалах процедурыг хийлгэж байгаа бөгөөд уг эмчилгээ нь зөвхөн харагдах байдалд бус, өөрийгөө илүү сайн мэдрэхэд нь ч нөлөөлдөг аж.
Гадаад төрхийн талаарх доромжлол түүнд хүнд туссан
Barry Keoghan өмнө нь цахим орчин дахь шүүмжлэл, доромжлолын талаар нээлттэй ярьж байсан.
Тэрбээр гадаад төрхтэй нь холбоотой сөрөг сэтгэгдэл хэт олширсны дараа гэрээсээ гарах хүсэлгүй болж, олон нийтийн арга хэмжээнээс хүртэл зайлсхийдэг болсон гэж мэдэгдэж байжээ.
Тэр тухайн үед:
“Энэ бүхэн намайг өөрийгөө хаахад хүргэсэн. Би хүмүүсээс зайлсхийдэг болсон”
хэмээн ярьсан байна.
2026 оны эхээр Barry Keoghan-ий нүүрний төрх өөрчлөгдсөн тухай яриа сошиал орчинд эрчимжсэн юм. Лондоны загварын долоо хоногийн хүрээнд болсон Burberry-ийн шоунд оролцсоны дараа хүмүүс түүний эрүү илүү хурц, шанаа тод, уруул өмнөхөөсөө дүүрэн харагдаж байгааг онцолжээ.
Үүнээс хойш жүжигчин ямар нэгэн гоо сайхны процедур хийлгэсэн эсэх талаар олон таамаг гарсан ч тэр энэ талаар нарийн тайлбар өгөөгүй байв.
Sabrina Carpenter-тай салсны дараа шүүмжлэл нэмэгджээ
Barry Keoghan болон Sabrina Carpenter нарын харилцаа дууссаны дараа түүнийг чиглэсэн цахим дайралт дахин нэмэгдсэн байна.
Тухайн үед Keoghan үнэнч бус байсан гэх цуурхал тархаж, Sabrina Carpenter-ийн зарим фэн түүний хувийн амьдралаас гадна гадаад төрхийг нь ч доромжилсон сэтгэгдэл бичиж эхэлжээ.
Жүжигчин ийм төрлийн шүүмжлэл түүний сэтгэл санаанд хүчтэй нөлөөлдөг гэдгийг өмнө нь ярьж байсан бөгөөд одоо өөрийн гадаад төрхөд илүү анхаарч, арьс чангалах мэс заслын бус эмчилгээг сонгосон байна.
Түүний хийлгэж буй процедурын нийт зардал 3.5 мянган ам.доллароос давсан гэх мэдээлэл гарчээ.
Barry Keoghan-ийн хувьд энэ эмчилгээ зөвхөн гадаад төрхөө өөрчлөх оролдлого бус, цахим орчин дахь удаан үргэлжилсэн дарамтын дараа өөрийгөө илүү сайн мэдрэх нэг хэлбэр болж байгаа аж.