Оросын Пермь болон Екатеринбург хотын нэр хүндтэй дуурийн театруудад уран бүтээлээ туурвиж буй дуурийн гоцлол дуучин Т.Энхбат Монгол Улсын “Гавьяат жүжигчин” цолоор энгэрээ мялаалаа.
Тэрээр 2009–2014 онд ОХУ-ын Санкт-Петербург хот дахь Н.Римский-Корсаковын нэрэмжит Консерваторт “Хөгжмийн театрын дуурийн дуучин” мэргэжлээр суралцаж, 2014 оноос Аспирантурын зэрэгт сурч байх хугацаандаа Марийнскийн театрын Залуу дуурийн дуучдын академид элссэн байна. Улмаар 2017–2019 онд тус театрт гоцлол дуучнаар ажилласан туршлагатай.
2019 оноос эхлэн Пермийн П.И.Чайковскийн нэрэмжит Дуурь, бүжгийн театрт гоцлол дуучнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2022 оноос Уралын дуурь бүжгийн эрдмийн театрт урилгаар тоглож, 2024 оноос тус театрын үндсэн бүрэлдэхүүнд багтан уран бүтээлээ туурвиж байна.
Үүгээр зогсохгүй Т.Энхбат нь Оросын олон театрын тайзан дээр дуурь, концертын тоглолтуудад тогтмол уригдаж оролцдог. Түүний уран бүтээлийн цар хүрээ, мэргэжлийн түвшин нь зөвхөн Монголдоо төдийгүй олон улсын тавцанд өндөр үнэлэгдэж байна.
Гавьяат жүжигчин Т.Энхбат нь ОХУ болон олон улсын дуурийн дуулаачдын уралдаан, тэмцээнүүдэд амжилттай оролцсон, Монгол Улсын шилдэг баритонуудын нэг юм. Түүний гэргий С.Батчимэг нь мөн адил Уралын Дуурь, бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар ажилладаг Соёлын тэргүүний ажилтан бөгөөд энэ залуу гэр бүл чимээгүйхэн хөдөлмөрлөж, эх орныхоо нэрийг гадаадад өндөрт өргөсөөр байна.
Түүний бүтээсэн гол дүрүүд:
- П.И. Чайковский – “Евгений Онегин”
- Ж. Верди – “Набукко”, “Бал маскарад”
- Ж. Пуччини – “Тоска”
- Н. Римский-Корсаков – “Царская невеста”
- А. Бородин – “Князь Игорь”
- В.А. Моцарт – “Дон Жуан”
- И.Ф. Стравинский – “Похождения повесы”
- Р. Вагнер – “Летучий Голландец”
- Ж. Бизе – “Кармен”
Түүний бүтээлүүд нь дэлхийн сонгодог дуурийн гол шедеврүүдийг хамарсан бөгөөд тайзны урлагийн өндөр түвшинд тогтвортой амжилт үзүүлж буй нь ийнхүү төрийн дээд шагнал хүртэх үндэслэл болжээ.
2 комментария
Төр урлагийг үнэлж, дэмжиж байгааг харахад сайхан байна
Дуурийн урлаг хэцүү, маш их хөдөлмөр шаарддаг