SS501 хамтлагийн гишүүн, “Boys Over Flowers” драмын од Kim Hyun Joong-ийн экс найз бүсгүй Choi Hye Mi олон жилийн дараа дахин олны өмнө гарч, энэ удаа контент бүтээгчийн шинэ карьераа эхлүүлжээ.
Choi Hye Mi SeeU нэрээр TikTok-д үйл ажиллагаагаа эхлүүлж, өнгөрсөн сараас эхлэн шууд дамжуулалтуудаар үзэгчидтэй тогтмол харилцаж байгаа талаар мэдээлсэн байна.
Тэр TikTok Live-ийн өдөр тутмын эрэмбэд ч дээгүүр байр эзэлж эхэлсэн бөгөөд цаашид энтертайнмент салбарт өөр чиглэлээр ажиллах боломжтой гэдгээ харуулж байгаа аж.
Гэхдээ түүний шинэ үйл ажиллагаанаас гадна гадаад төрх нь цахим хэрэглэгчдийн анхаарлыг ихээр татжээ. Олон хүн Choi Hye Mi-г урьд өмнө нь бараг олны өмнө харж байгаагүй тул шинэ зургуудыг нь хараад гайхсан байна.
Зарим хэрэглэгч түүний гоо үзэсгэлэнг онцолж, Kim Hyun Joong-ийн экс найз бүсгүйг ийм төрхтэй гэж төсөөлөөгүй тухай сэтгэгдэл үлдээжээ.
Одоогоор Choi Hye Mi TikTok дахь шууд дамжуулалт, үзэгчидтэй харилцах контентоос ажлаа эхлүүлсэн бөгөөд цаашид гоо сайхан, эрүүл мэнд, энтертайнмент чиглэлээр контентоо өргөжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
“Өнгөрсөн бүхэн одоо ард үлдсэн”
Түүний Kim Hyun Joong-той холбоотой олон жилийн өмнөх хууль эрх зүйн маргааны талаар асуухад Choi Hye Mi-ийн төлөөлөгч:
“Бүх зүйл одоо өнгөрсөнд үлдсэн. Эцэг, эхийн эрх болон хүүхдийн тэтгэмжтэй холбоотой хууль эрх зүйн ажиллагаа дууссан. Одооноос бид зөвхөн өнөөдөр болон ирээдүйдээ анхаарна”
хэмээн мэдэгдсэн байна.
Мөн түүний одоогийн амьдралын талаар:
“Тэр одоо гэрэл гэгээтэй, эерэг хандлагатай өрх толгойлсон ээж. Маш авьяастай, хариуцлагатай хүн. SeeU-ийн цаашдын үйл ажиллагаанд анхаарал хандуулж, дэмжиж өгөхийг хүсэж байна”
гэж төлөөлөгч нь хэлжээ.
Choi Hye Mi 2015 оны есдүгээр сард Kim Hyun Joong-ийн хүүхдийг төрүүлсэн бөгөөд түүнээс хойш хүүхдээ өөрөө өсгөж ирсэн гэж мэдээлсэн байна. Харин Kim Hyun Joong өөр эмэгтэйтэй гэрлэсэн юм.
Kim Hyun Joong-ийн карьерт том цохилт болсон дуулиан
Kim Hyun Joong нэгэн үе “Boys Over Flowers” драмын солонгос хувилбарт чинээлэг, дөлгөөн залуугийн дүр бүтээж, Lee Min Ho-той эн зэрэгцэх хэмжээнд нэр хүндтэй оддын нэг болж байв.
Гэвч 2014 онд Choi Hye Mi түүнийг хэд хэдэн удаа хүч хэрэглэсэн гэж буруутгаснаар түүний олон нийт дэх дүр төрх эрс өөрчлөгджээ.
Choi Hye Mi тухайн үед өөрийн авсан гэх гэмтлийн зургуудыг нийтэд дэлгэсэн байна. Kim Hyun Joong нэг удаа түүнд бие махбодын хүч хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ хэрэгтэй холбоотойгоор 5 сая воны торгууль авсан гэж мэдээлжээ.
Үүний дараа Choi Hye Mi дахин шүүхэд хандаж, Kim Hyun Joong-ийн хүч хэрэглэсний улмаас зулбасан гэж мэдүүлсэн байна.
Гэвч тухайн нэхэмжлэлийн хүрээнд шүүх Kim Hyun Joong-ийг буруутай гэж үзээгүй бөгөөд Choi Hye Mi хангалттай нотлох баримт гаргаж чадаагүй гэж дүгнэжээ.
Эдгээр маргаан олон жилийн турш үргэлжилж, Kim Hyun Joong-ийн Өмнөд Солонгос дахь карьерт хүчтэй нөлөөлсөн гэж хэвлэлүүд мэдээлж ирсэн.
Тэр 2018 онд “When Time Stopped” драмын тусламжтайгаар эргэн ирэхийг оролдсон ч тус бүтээл Өмнөд Солонгост маш бага үзүүлэлттэй байсан гэж мэдээлсэн байна. Мөн үүнээс хойш түүний жүжигчний томоохон шинэ төслүүд цөөрсөн гэж эх сурвалж онцолжээ.
Харин Choi Hye Mi олон жилийн өмнөх маргаанаас хойш энэ удаа SeeU нэрээр өөрийн гэсэн шинэ дүр төрх, шинэ карьераар олон нийтэд дахин гарч ирж байна.