Монголын уран бүтээлчдийн гаргасан “In da House 3: in Korea” уран сайхны кино улсын кино зах зээлд түүхэн амжилт тогтоолоо. Энэ оны гуравдугаар сарын 6-нд нээлтээ хийсэн тус бүтээл нээлтийн эхний дөрөв хоногт 40,625 үзэгч татсан бол 2025 оны долоодугаар сарын 30-ны байдлаар нийт 201,800 үзэгчтэй болж, Монголын бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалттай 10 киноны жагсаалтад албан ёсоор багтлаа.
Монголын Кино театруудын менежментийн холбооноос нийт киноны нээлтийн үзвэрийн тоо, долоо хоног, сар, улирлын үзэлт, нийт үзэгчийн тоо зэрэг үзүүлэлтээр үндэсний уран бүтээлүүдийн амжилтыг үнэлж, танилцуулдаг. Энэ шалгуураар “In da House 3: in Korea” үзэгчдийн сонирхлыг хамгийн өндөр түвшинд татсан шилдэг киноны нэг болж байна.
Тус киноны энэ амжилт нь дотоодын уран сайхны бүтээлийн зах зээл өргөжиж, кино урлагт үзэгчдийн сонирхол нэмэгдэж буйг харуулж байгаа юм.