Монголын дүрслэх урлагийн уран бүтээлчид БНСУ-ын Кванджу хотод болох “ART GWANGJU-26” олон улсын арт фэйрт оролцож, бүтээлүүдээ олон улсын үзэгчдэд толилуулах гэж байна.
Монгол арт галерей БНСУ-ын дүрслэх урлагийн салбарын томоохон арга хэмжээнүүдийн нэг болох тус үзэсгэлэнд албан ёсоор оролцох бөгөөд арга хэмжээ аравдугаар сарын 22-25-ны өдрүүдэд Кванджу хотын “Ким Дэ Жун” конвеншн төвд зохион байгуулагдана.
Үзэсгэлэнд Монгол арт галерейн захирал П.Батжавын ахалсан баг оролцох юм. Багийн бүрэлдэхүүнд уран бүтээлч З.Отгонзоригт, Б.Бямбажав, Б.Есөн-Эрдэнэ, П.Бэрхээдэй, Б.Энхмандах, Д.Батнасан, М.Батбаатар, А.Саран нар багтжээ.
Монголын урлагийг олон улсын үзэгчдэд хүргэнэ
Уран бүтээлчид орчин үеийн уран зураг, Монголын уламжлалт арга барил, арьсан урлагийн чиглэлээр туурвисан шилдэг бүтээлүүдээсээ танилцуулах байна.
Ингэснээр Монголын дүрслэх урлагийн өнөөгийн чиг хандлага, уламжлалт урлах арга барилын онцлогийг нэг дор харуулах боломж бүрдэх юм.
“ART GWANGJU-26” үзэсгэлэн дууссаны дараа Монголын баг Сөүл хотын галерей болон урлагийн дүүргүүдээр зочлох төлөвлөгөөтэй байна. Энэ үеэр БНСУ-ын уран бүтээлчид, кураторуудтай уулзаж, туршлага солилцохын зэрэгцээ цаашдын хамтын ажиллагаа, соёлын солилцооны талаар санал солилцох аж.
Монгол арт галерей 2023 оноос хойш энэхүү олон улсын арга хэмжээнд тогтмол оролцож байгаа бөгөөд Монголын орчин үеийн дүрслэх урлагийг гадаадын үзэгчид, мэргэжлийн хүрээнд сурталчлан таниулах чиглэлээр ажиллаж байна.
Энэ удаагийн оролцоо нь Монголын уран бүтээлчдэд бүтээлээ олон улсын зах зээлд танилцуулах, гадаадын галерей, куратор, уран бүтээлчидтэй шинэ холбоо тогтоох боломж болохоор байна.