Нүүр хуудас Үйл явдал ба зар“The MongolZ” баг гурван дэлхийн аваргад дараалан плей-оффт шалгарсан Ази тивийн анхны баг боллоо

“The MongolZ” баг гурван дэлхийн аваргад дараалан плей-оффт шалгарсан Ази тивийн анхны баг боллоо

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Цахим спортын “Counter-Strike 2” (CS2) тоглоомын энэ жилийн хоёр дахь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох StarLadder Budapest Major 2025 Унгарын Будапешт хотноо ид үргэлжилж байна.

1.2 сая ам.долларын шагналын сантай энэхүү мажор тэмцээний гуравдугаар шатнаас уригдан оролцож буй манай улсын “The MongolZ” баг түүхэн амжилтаа дахин шинэчиллээ.

G2 Esports-ийн эсрэг хосгүй тоглолт

“The MongolZ” баг гуравдугаар шатны дөрөв дэх тойрогт Европын шилдгүүдийн нэг болох “G2 Esports” багтай Bo3 (best of 3) форматаар нүүр тулсан. Манай баг өндөр түвшний тактик, сахилга баттай тоглолтоороо давамгайлж, цувралыг 2:0 онооны харьцаатайгаар хааж, шийдвэрлэх тулаанд илт давуу байгааг харууллаа.

Үүний дүнд “The MongolZ” StarLadder Budapest Major-2025 тэмцээний плей-офф буюу шөвгийн наймд гурван хожил, нэг хожигдолтой, тавдугаар байраар шалгарч, үргэлжлүүлэн хүч үзэх эрхээ авсан байна.

CS2-ийн түүхэнд шинэ хуудас нээсэн Ази баг

“The MongolZ” багийн хамгийн онцгой амжилт нь CS2-ийн дэлхийн аваргын гурван тэмцээнд дараалан плей-офф шатанд шалгарсан Ази тивийн анхны баг болсон явдал юм.

Тодруулбал:

  • 2024 оны арванхоёрдугаар сар – Хятадын Шанхай хотод зохиогдсон дэлхийн аваргад The MongolZ анх удаа плей-офф шатанд шалгарч, Германы “MOUZ” багт ялагдсанаар 5–8 дугаар байрт орж байв.
  • 2025 оны зургаадугаар сар – АНУ-ын Остин хотод болсон дэлхийн аваргын шувтаргын тоглолтод Францын “Team Vitality” багт хожигдож, дэд байр эзэлсэн.
  • 2025 он, Будапешт – StarLadder Budapest Major-2025 тэмцээнд дахин шөвгийн наймд шалгарч, гурван мажорт дараалан плей-оффт үлдсэн анхны Ази баг болж байна.

Энэ нь зөвхөн Монголын цахим спортын түүхэнд ч биш, Ази тивийн CS2-ийн хөгжлийн хэмжүүрийг шинэ түвшинд гаргасан амжилт билээ.

Шөвгийн наймын өрсөлдөгчид

StarLadder Budapest Major-2025 тэмцээний плей-офф шатны тоглолтууд арванхоёрдугаар сарын 11-нээс эхлэх хуваарьтай. Одоогийн байдлаар шөвгийн наймд шалгараад буй таван баг:

  • Бразил – “FURIA”
  • ОХУ – “Team Spirit”
  • Франц – “Team Vitality”
  • Герман – “MOUZ”
  • Монгол – “The MongolZ”

Үлдсэн гурван байр удахгүй тодорхой болох бөгөөд мажорын титмийн төлөөх ширүүн өрсөлдөөн одоо жинхэнэ утгаараа эхлэх гэж байна. “The MongolZ” багийн хувьд дараагийн тоглолт бүр нь зөвхөн амжилтын үргэлжлэл бус, Монголын цахим спортын нэр хүндийг дэлхийн тайзан дээр дахин баталгаажуулах том сорилт байх болно.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх