ONE Championship-т түрүүлж, 65.8 кг-ын бүсийн эзэн болов
Тайландад болсон холимог тулааны “ONE Championship”-ийн ээлжит тулаанд Монголын тамирчин Б.Энх-Оргил ялалт байгуулж, 65.8 кг-ын жингийн аваргын бүсийг эзэмшсэнээр дэлхийн аварга цол хүртлээ. Тэрээр Бразилын тамирчин Фабрико Андрадег ялсныхаа дараа сэтгэгдлээ хуваалцсан байна.
“Аварга болж чадлаа. 25 жил бэлтгэл хийсний шагналаа өнөөдөр хүртэж буйдаа туйлын их баяртай байна. Миний багш Ж.Нарантунгалаг 2014 онд “One Championship” холбоонд түрүүлж дэлхийн аварга болж байсан түүхтэй. Багшийнхаа амжилтыг 11 жилийн дараа давтсандаа баяртай байна. Багштайгаа хамт бэлтгэл хийж, түүнээс суралцаж чадлаа. Би тулааны дараа маш их ядарсан. Монголдоо ирээд сайхан амармаар санагдсан. 2003 онд ээж минь цалингийн зээл авч намайг дэмжиж, таеквондогийн тэмцээнд явуулж байлаа. Ээждээ маш их талархдаг.
Тулаанд нэг нь ялж, нөгөөх нь ялагддаг. Энэ удаа би яллаа. Олон сайхан зүйл тохиож, тэр өдрийн тэнгэр миний талд буулаа. Маш олон хүний дэмжлэг, туслалцааг тэнгэр харж ялалтыг надад өглөө гэж ойлгож байгаа. Үнэхээр сайхан мэдрэмж байдаг юм байна. Багшийнхаа амжилтыг дахин давтлаа. Намайг үргэлж дэмжиж байдаг та бүхэндээ баярлалаа” гэж байв.
Дараагийн хувилбар: 66 кг-ын бүсээ хамгаалж чадахгүй бол жин өгсөнө
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Б.Энх-Оргил ирэх жил 66 кг-ын аваргын бүсээ эх орондоо хамгаалах боломж гарахгүй нөхцөл үүсвэл жин өгсөж, 70 кг-ын жинд өрсөлдөх бодолтой байгаа аж. Түүний хувьд дахин нэг аваргын бүсний төлөө тулаан хийх боломжийг мөн үгүйсгэхгүй байгаа талаар мэдээлжээ.