Гэнэтийн гунигт мэдээ
Солонгосын гоо сайхны ертөнцийг дэлхий дахинд хүргэсэн анхны үеийн K-beauty контент бүтээгч Даддоа 29 насандаа таалал төгссөн тухай мэдээлэл дотроос нь батлагдав.
Салбарын эх сурвалжуудын мэдээлснээр тэрээр өнгөрсөн оны 12 дугаар сарын 16-нд нас барсан бөгөөд түүний менежментийн агентлаг “Лефери” энэ мэдээллийг албан ёсоор баталсан байна. Агентлаг нь олон нийтэд хандан “Гэр бүл нь түүний хүслийн дагуу тайван, чимээгүйгээр гашуудаж байгаа тул олон нийтийн дунд таамаг, цуурхал тараахгүй байхыг хүсэж байна” хэмээн мэдэгдэлдээ дурджээ.
K-beauty-д үлдээсэн өв, нөлөө
“Лефери”-ийн зүгээс түүний цахим ертөнцөд үлдээсэн ул мөрийг онцлон дурдахдаа Даддоаг жирийн нэг “анхны үеийн YouTuber” биш, харин K-beauty-ийн дэлхийн түвшний боломж, чадавхыг хамгийн түрүүнд харуулж чадсан хүн хэмээн үнэлэв.
1996 онд төрсөн Даддоа гоо сайхны контент бүтээгчийн замналаа Лаост ахлах сургуулиа төгссөний дараа эхлүүлжээ. Тэр үед Солонгост буцаж ирэхдээ Солонгосын гоо сайхны брэнд, бүтээгдэхүүний өсөлт, шинэ давлагааг өөрийн нүдээр харж, цахим платформоор дамжуулан энэ салбарыг танилцуулахыг зорьсон байна.
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэрээр контентоо төрөлжүүлж, сувгуудынхаа хүрээг өргөжүүлснээр ойролцоогоор 2.7 сая захиалагчтай болж, K-beauty ертөнцийн хамгийн нөлөө бүхий дуу хоолойнуудын нэг болж чадсан.
Түүний нөлөө зөвхөн Солонгост бус олон улсын хэмжээнд ч хүчтэй мэдрэгдэж байв. Загвар, гоо сайхны томоохон хэвлэл WWD түүнийг “нийгмийн гоо сайхны медиа од” хэмээн тодорхойлж, MAC Cosmetics түүнд “дэлхийн гоо сайхны баатар” гэсэн тодотгол хүртээж байв.
2021 онд тэрээр суралцах чиглэлдээ анхаарлаа төвлөрүүлж, магистрын зэрэгтээ бэлтгэхийн тулд хэсэг хугацаанд идэвхгүй байсан ч YouTube сувгийнх нь 1 сая гаруй дагагчид түүнээс нүүр буруулалгүй үлдсэн.
Сүлжээнд өрнөсөн гашуудал
Түүний таалал төгссөн мэдээ ил болсны дараа фенүүд болон интернэт хэрэглэгчид олон нийтийн сүлжээнд эмгэнэл илэрхийлсэн сэтгэгдлүүдийг цувруулан үлдээж эхэлжээ.
“Тэр хэтэрхий залуудаа явчихлаа”, “Тэр амар амгалан нойрсоорой” гэх мэт мессежнүүд олноор нийтлэгдэж, үзэгч, дагагчид нь Даддоаг зөвхөн гоо сайхны контент бүтээгч бус, өөрчлөлт авчирсан бэлгэ тэмдэг, K-beauty-ийн нүүр царайны нэг байсан хэмээн дурсаж байна.