MTV Music, MTV 80s, MTV 90s зэрэг хэд хэдэн суваг хаагдав
Дуу хөгжмийн MTV суваг эфирт гарахаа больжээ. Өнгөрсөн аравдугаар сард тус телевизийнхэн арванхоёрдугаар сарын 31-нээр MTV Music, MTV 80s, MTV 90s, Club MTV болон MTV Live сувгаа хаахаа мэдэгдсэн ч шалтгаанаа тодорхой тайлбарлаагүй байна.
Үзэгчид клипээ платформоос шууд үздэг болсон гэх таамаг
Шалтгаан тодорхойгүй үлдсэн ч хөгжим сонирхогчдын дунд нэг нийтлэг тайлбар тархжээ. Тухайлбал, хүмүүс хөгжмийн клип, шинэ уран бүтээлээ телевизээр хүлээхээс илүү “YouTube”, “TikTok”, “Spotify” зэрэг онлайн платформоос хүссэн үедээ шууд үзэж, сонсох болсон учраас ийм төрлийн сувгийн хэрэгцээ буурсан гэж үзэж байна.
1981 оноос эхэлсэн түүх, эхний ба сүүлийн клип нэг байв
MTV анх 1981 оны наймдугаар сарын 1-нд АНУ-д нээлтээ хийсэн бөгөөд эфирээр гарсан анхны видео нь “Buggles” хамтлагийн “Video killed the radio star” байсан гэдгээрээ түүхэнд үлджээ. Тэгвэл уг дууны клип нь MTV Music сувгийн 12-р сарын 31-нд цацсан хамгийн сүүлийн клип болсон гэж мэдээлэлд дурдсан байна.