TWICE хамтлагийн ахлагч Jihyo 21 жилийн турш хамт байсан JYP Entertainment-тай байгуулсан замналаа дуусгаж, бие даасан лэйбл байгуулснаа зарлалаа. Гэхдээ тэр TWICE-ийн гишүүний хувиар хамтлагийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх юм.
Jihyo аравдугаар сарын 21-нд сошиал хуудсандаа гараар бичсэн захидал нийтэлж, JYP-тэй өнгөрүүлсэн урт хугацааны талаар сэтгэлээ хуваалцжээ.
Тэр 2005 онд дадлагажигчаар JYP-д элсэж, хүүхэд нас, өсвөр үеийнхээ ихэнх хугацааг тус компанид өнгөрүүлсэн юм.
Jihyo:
“Бага наснаасаа эхлээд 21 жилийн турш хамт байсан JYP-тэй хийх аяллаа энд хүргээд дуусгаж байна”
хэмээн мэдэгджээ.
Мөн:
“Хорин нэгэн жилийн хугацааг хэдхэн өгүүлбэрт багтаана гэдэг амаргүй байна. Сайхан өдрүүд ч байсан, тийм ч сайнгүй үе ч байсан. Гэхдээ тэр бүх цаг хугацаа өнөөгийн намайг бүтээсэн гэдэг нь маргаангүй”
хэмээн бичиж, JYP-ийн хамт олонд талархал илэрхийлсэн байна.
EMITHAUS нэртэй бие даасан лэйбл байгуулжээ
Jihyo-ийн байгуулсан шинэ компанийн нэрийг EMITHAUS гэжээ.
Тус нэр нь “ялгаруулах”, “цацруулах” гэсэн утгатай “emit” гэх англи үгнээс санаа авсан бөгөөд уран бүтээлчийн өвөрмөц чанар, бүтээлч боломжийг хөгжим болон төрөл бүрийн агуулгаар өргөжүүлэх зорилгыг илэрхийлдэг байна.
Jihyo шинэ эхлэлийнхээ талаар:
“Миний хувьд бие даах гэдэг нь өнгөрсөн хугацаандаа дүгнэлт хийж буй хэрэг гэхээсээ илүү цаашид амьдралаа хэрхэн авч явах вэ гэдгээ сонгож байгаа зүйлтэй ойр”
гэж бичжээ.
Тэр үргэлжлүүлэн:
“Энд би өөрөө ч хараахан нээгээгүй боломжуудаа илүү чөлөөтэй гаргаж ирэхийг хүсэж байна. Дассан орчноосоо гарч байгаа учраас цаашдын сонголт, үйл ажиллагаа бүртээ илүү нухацтай, хариуцлагатай хандах болно”
хэмээн мэдэгдсэн байна.
EMITHAUS эхний ээлжид Jihyo-ийн соло үйл ажиллагааг хариуцах бөгөөд цаашид шинэ уран бүтээлч нээх, хамтран ажиллах, өөр артистуудыг элсүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх төлөвтэй байна.
JYP-ээс явсан ч TWICE-ийг орхихгүй
Jihyo агентлагаасаа гарсан ч TWICE хамтлагаа орхихгүй гэдгээ онцгойлон тодруулжээ.
Тэр:
“Энэ сонголт маань олон жил хамт байсан хамтлагаасаа сална гэсэн үг биш. TWICE бол миний амьдралаас салгаж болохгүй маш үнэ цэнтэй хэсэг”
гэж бичсэн байна.
Мөн:
“Цаашдаа ч гишүүдтэйгээ нэг тайзан дээр зогсож, бидний хамтдаа бүтээх цаг хугацааг удаан үргэлжлүүлэхийг хүсэж байна”
хэмээн хэлжээ.
Jihyo мөн 11 жилийн турш TWICE-ийг дэмжиж ирсэн ONCE фэндомд талархлаа илэрхийлсэн байна.
TWICE 2015 онд дебют хийж, 2022 онд бүх гишүүн JYP Entertainment-тай гэрээгээ шинэчилж байсан юм. Харин одоо дахин хэлэлцэх хугацаа ойртож, гишүүд тус тусын бие даасан төлөвлөгөөгөө илүү тодорхой болгож эхэлжээ.
Өмнө нь Jeongyeon жүжигчний үйл ажиллагаатай хослуулахын тулд өөр агентлагт шилжсэн бол Chaeyoung “LIL FANTASY” нэртэй бие даасан төслөө эхлүүлсэн байна.
Одоо Jihyo өөрийн EMITHAUS лэйблээ байгуулснаар TWICE хамтлагийн гишүүд нэг багийн нэрийн дор үйл ажиллагаагаа хадгалах атлаа тус тусын чиглэл, ур чадвараа хөгжүүлэх шинэ шат руу орж байна.