Аймшгийн алдарт “Хашхираан” (Scream) цувралын долоо дахь анги өнгөрсөн амралтын өдрүүдээр дэлхийн кино театруудаас 64.1 сая ам.долларын орлого цуглуулж, тус франчайзын түүхэнд нээлтийн өдрүүдээрээ хамгийн их орлого олсон анги болж бичигдлээ.
Slasher төрлийн энэ цувралын эхний анги 30 жилийн өмнө үзэгчдийн хүртээл болж байснаас хойш “Хашхираан VII” нь Paramount компанид томоохон ашиг авчирсан ээлжит хит боллоо. Сүүлийн үед Paramount компани Warner Bros. Discovery-г худалдан авсан нь салбарын томоохон хэлцлүүдийн нэгээр тооцогдож байгаа билээ.
Харьцангуй нам гүмээр эхэлж буй кино үзвэрийн энэ улиралд “Хашхираан 7” оны эхний том блокбастер болон тодорч, бокс оффисын жагсаалтыг тэргүүлээд байна. Тус кино Sony Pictures-ийн “Ямаа” хүүхэлдэйн кино өмнөх амралтын өдрүүдэд тогтоогоод байсан нээлтийн орлогын дээд үзүүлэлтийг давж гарсан талаар кино шинжээчид онцолж байна.
45 сая ам.долларын төсөвтэйгээр бүтээгдсэн долоо дахь анги үзэгчдийг татахад нөлөөлсөн гол хүчин зүйл бол жүжигчин Нив Кэмпбеллийн эргэн ирэлт байлаа. Тэр олон жил франчайзын нүүр царай болсон “Сидни Прескотт” дүрээрээ энэ ангид дахин тоглосон нь фенүүдийн хүлээлтийг өдөөсөн. Кэмпбелл өмнөх “Хашхираан VI” ангид оролцоогүй байсан бөгөөд долоо дахь ангид тоглохын тулд 7 сая ам.долларын хөлс авсан гэж мэдээлжээ.
Мөн цувралын туршид танигдсан ахмад жүжигчид болох Кортни Кокс, Дэвид Аркетт, Мэттью Лиллард нар ч VII ангид дахин гарч ирсэн нь хуучин, шинэ үеийн үзэгчдийг нэг дор татах хүчтэй хүчин зүйл болж байна.