Нүүр хуудас Үйл явдал ба зар“Дээлтэй Монгол-2026” наадам энэ сарын 9-нд үндэсний хувцсаар хотыг чимнэ

“Дээлтэй Монгол-2026” наадам энэ сарын 9-нд үндэсний хувцсаар хотыг чимнэ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой болон Үндэсний их баяр наадмын хөтөлбөр батлагджээ.

Энэ хүрээнд 20 дахь жилдээ зохион байгуулагдах “Дээлтэй Монгол-2026” наадам энэ сарын 9-ний өдөр болохоор товлогдсон байна.

Үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал болно

Наадмын эхэнд Монгол үндэсний хувцсаар гоёсон иргэдийн баярын жагсаал зохион байгуулагдана.

Тус жагсаалд Монгол туургатны төлөөлөл, аймаг, нийслэл, дүүргийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын албан хаагчид оролцож, хамгийн сайхан дээл хувцсаараа гоён алхах юм.

Шилдгүүдийг олон төрөлд шалгаруулна

“Дээлтэй Монгол-2026” наадмын үеэр үндэсний хувцсаа өвлөн хадгалж, түгээн дэлгэрүүлж буй оролцогчид болон байгууллагуудыг шалгаруулна.

Шалгаруулах төрлүүд:

  • Шилдэг дүүрэг
  • Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага
  • Шилдэг дээл урлаач
  • Хамгийн сайхан дээлтэй гэр бүл
  • Хамгийн сайхан дээлтэй оролцогч /эрэгтэй, эмэгтэй/
  • Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч /эрэгтэй, эмэгтэй/
  • Хамгийн сайхан дээлтэй хүүхэд /эрэгтэй, эмэгтэй/

Загварын үзүүлбэр, үзэсгэлэн худалдаа зохион байгуулна

Наадмын хүрээнд үндэсний хувцасны загварын үзүүлбэр, уламжлалт тоглоом наадгай, дээл хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа болох юм.

Ингэснээр оролцогчид зөвхөн үндэсний хувцсаар гоёх төдийгүй дээлний ур хийц, загвар, хэрэглээ, уламжлалын талаар илүү өргөн ойлголт авах боломжтой байна.

Үдэш нь “Дээлтэй диско” болно

Мөн наадмын үдэш хүүхэд, залуучуудад зориулсан “Дээлтэй диско” арга хэмжээ зохион байгуулагдана.

Тус тоглолтод орчин үеийн хамтлаг, дуучид оролцож, үндэсний хувцасны баярыг залуу үеийн соёл, хөгжмийн уур амьсгалтай хослуулах юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх