Лос-Анжелест болсон нээлтэд Зендая, Сидни Суини нар онцгой төрхөөр оролцов
HBO компанийн бүтээл “Euphoria” телевизийн цувралын шинэ ангиуд орон нутгийн цагаар энэ сарын 12-ны ням гарагаас үзэгчдэд хүрч эхлэхээр болжээ.
Анх 2019 онд дэлгэцнээ гарч байсан тус цуврал одоогоор IMDb сайтад 8.2 үнэлгээтэй байна. Өсвөр насныхны хайр дурлал, алдаа оноо, дотоод зөрчил, сэтгэлзүйн тэмцлийг харуулдгаараа олны анхаарлыг татсан энэ бүтээлд өнөөдөр Холливүүдийн А зэрэглэлийн жүжигчдийн эгнээнд багтах болсон Зендая, Сидни Суини зэрэг олон уран бүтээлч дүр бүтээсэн юм.
Тэгвэл өнөөдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 8-нд Лос-Анжелес хотод цувралын гуравдугаар улирлын нээлт боллоо. Мөн кино компанийн зүгээс энэ улирлын дараа дараагийн шинэ бүлэг хийхгүй гэдгээ урьдчилан мэдэгдсэн байна.
Нээлтийн арга хэмжээнд Зендая өөрийг нь дэлхийн оддын эгнээнд хүргэсэн бүтээлийнхээ нээлтэд сүүлийн үед олны анхаарал татаж буй загвар зохион бүтээгч Мохаммед Ашигийн урласан хар даашинзаар гоёсон байна. Харин Сидни Суини Итали гаралтай Францын нэрт урлаач Пьер Карденын бүтээсэн цагаан даашинз өмсөж, улаан хивсний гол дүрүүдийн нэг болжээ.