Урлагийн салбарт драмын урлаг нэг л тайзнаас хамаарах үе өнгөрчээ. Улсын мэдлийн ганц театрын гадна өөрийн үзэл санаа, уран бүтээлийн бодлого, хэл хэлбэр, өнгө аястай хувийн театрууд шил даран мэндэлж буй нь Монголын драмын урлагт нэг төрлийн чөлөөлөл, либералчлал явагдаж байгааг харуулж байна.
Сүүлийн жилүүдэд шинээр байгуулагдсан олон жижиг тайзны нэг болох “Ger theatre”, “Гурван сүүдрийн театр” зэрэг хамтлагууд энэ сарын төгсгөлд үзэгчидтэйгээ анх удаа уулзах гэж байна. Тэдний нэг болох “Гэр” театр тун удахгүй хөшгөө нээж, үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөх анхны бүтээлээ толилуулахад бэлэн болжээ.
“Кактус” – ганцхан удаагийн тоглолтоор үзэгчтэй уулзана
Арваннэгдүгээр сарын 30-ны өдөр УИД-ийн долдугаар давхарт байрлах “NewYork Empire” ресторанд “Кактус” хэмээх бэсрэг жүжиг ганцхан удаа тоглогдох юм. Жүжгийн зохиол нь гаднаасаа хатуу, дотроосоо өвдсөн сэтгэлийн тухай, амьдралын хатуу шаардлагад дарагдаж, өөрийгөө мартсан, гомдлоо булшилсан хүмүүсийн дотоод ертөнц рүү өнгийх оролдлого гэж хэлж болно.
Хэрвээ чи “одоо боллоо, тэсэхийн аргагүй” гэж бодсон бүхнээ эцэстээ амьдралын эрхэнд даваад гарчихсан бол, эсвэл тийнхүү давахаар хичээж яваа бол энэ жүжиг чамд зориулагдсан. Зовлонг чимээгүй залгичихдаг, гомдлыг ч бас дуугүй даадаг. Амьдрал шударга биш гэдэгтэй хэдийнээ эвлэрчихсэн атлаа өдөр бүр амьсгалж, цааш ахиж л байдаг.
Ямар ч утгагүй, новшийн явдлын дараа ганцаараа хаа нэгтээ чимээгүйхэн нулимсаа арчаад, эргэн тойрондоо инээмсэглэл нүүрэлүүлэн “би зүгээр” гэж жүжиглэж амьдардаг бол, энэ жүжгийн тэмтрэлт чамд танил санагдана.
Дотроо үгүйсгэдэг эмзэг сэтгэл – “цөлд ургасан” хүмүүсийн тухай
Зохиолын өгүүлэмжээр яригч чамтай шууд ярьж байгаа мэтээр:
“Тийм ээ, би чиний өөрөөсөө хүртэл нууж, үгүйсгэдэг өвдчихсөн эмзэг сэтгэлийг чинь олчихсон. Буглаад удаж буй их гомдлыг чинь анзаарчихсан. Мартчихсан, нухлагдсан мөрөөдөл, үгүйсгэгдсэн хүсэл бүхнийг чинь мэднэ” гэж шивнэнэ.
Яагаад бид ийм хатуу, бараг харгис мэт хатуужиж, өвдөх эрхгүй хүн шиг аашилдаг вэ? Яагаад алдаа гаргахыг өөртөө ч, бусдад ч зөвшөөрөхгүй, үргэлж мөнгө, байр суурь, гоо үзэсгэлэн, алдар нэрийн араас амьсгаа давхцуулан хөөцөлддөг вэ?
Хариулт нь энгийн атлаа өвдөлттэй: хайр энэрэл, хүлээн зөвшөөрөл дутагдсанаас. Хэрвээ хайрыг устай зүйрлэвэл, амьдрал нь цөл болсон хүн зөндөө. Цөлд цангаж яваа хүн гомдлоо гүн рүүгээ хийж булчихаас өөр аргагүй. Аймшигтай нь, тэгж хатуурсан хойноо “надад ийм байсан, бусад нь ч бас туулах ёстой” хэмээн бусдыг ч хатуу шүүлтээр хэмждэг.
Бид эмзэг, сул дорой, төгс биш байсан ч, ямар ч өнгө төрхөөрөө оршин тогтнож байгаадаа хүлээн зөвшөөрөгдөх, хайрлуулах эрхтэй. Хүндлүүлэх эрхтэй. Хайр хэмээх зүйл хаяа хязгаартай биш, бүхнийг нэвт гэрэлтүүлж чаддаг. Гэтэл өнөөгийн нийгэмд энэ “жинхэнэ хайр” ховордоод байна. Д.Урианхай зохиолчийн хэлснээр:
“Хайр бол далдад буй бурхан чанар байх”
гэсэн тэр хайр л биднээс холдсон мэт.
Цөл, өргөс, “бараа” болсон хүн
Жүжиг биднийг цөлд ургасан кактус мэт зүйрлэнэ. Чийггүй, дэмжлэггүй орчинд ургах гэж хүчин чармайх тусам хүн өөрийгөө хамгаалахын тулд өргөстэй болдог. Эргэн тойрныхон нь ажил мэргэжил, амжилт, чадвар, биеийн гоо зүй, харагдах байдал, эд хөрөнгө, статусаар нь дүгнэнэ. Үүний цаана “гэр бүлтэй байх ёстой, найз нөхөдтэй байх ёстой, тодорхой хэмжээний амжилттай байх ёстой” гэх үл үзэгдэх буу хүмүүсийн дух руу чиглэсэн хэвээр.
Хүмүүс бидэнд хандах хандлага нь ийм шалгуураас ихээхэн хамаарах болсонд заримдаа огидос хүрмээр. Гэхдээ энэ бүхнийг биеэрээ туулж, “өнөөдөр байгаадаа сорил, шарх, зовлонгоороо ирсэн” олон хүн бий. Энэ тогтолцоо хүнийг “хүн” байхаас нь илүү нийгэмд ашигтай, хэрэглэгдэх бараа болгох гэж оролдож байна.
Гэтэл бид угаасаа эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө орших эрхтэй хүн шүү дээ. “Кактус” жүжиг яг энэ асуултыг тавина: бид өргөсөөрөө амьдралаа хамгаалсаар, өөрсдийгөө хаана хүртэл гэмтээх вэ?