Загвар өмсөгч, бизнес эрхлэгч Hailey Bieber анхны хүүхдээ төрүүлсний дараа сарын тэмдгийн өмнөх дисфорийн эмгэг буюу PMDD-тэй хүнд үеийг туулсан тухайгаа ил болгожээ.
29 настай Hailey Bieber нөхөр Justin Bieber-тайгаа 2024 оны наймдугаар сард анхны хүү Jack-аа өлгийдөн авсан юм. Тэр WWD-д өгсөн ярилцлагадаа төрсний дараах хугацаанд PMDD-ийн шинж тэмдэгтэй удаан хугацаанд тэмцсэнээ ярьсан байна.
“Хүүхдээ төрүүлсний дараа PMDD-ээс болж надад үнэхээр хүнд үе тохиосон” хэмээн тэр хэлээд, энэ эмгэгийн талаар хангалттай ярьж, судалдаггүйд харамсаж байгаагаа илэрхийлжээ.
“Ярилцах тусам би өөрийгөө бага ганцаардсан мэт мэдэрдэг”
PMDD нь ердийн сарын тэмдгийн өмнөх хам шинжээс илүү хүнд хэлбэрээр илэрч, сэтгэл санааны огцом өөрчлөлт, цочромтгой байдал, сэтгэл гутрал зэрэг шинж тэмдэг дагалдаж болдог эмгэг юм.
Түүний үүсэх шалтгаан бүрэн тайлбарлагдаагүй бөгөөд сарын тэмдгийн мөчлөгийн дааврын өөрчлөлтөд тархи хэрхэн хариу үзүүлдэгтэй холбоотой гэж үздэг.
Hailey өөрийн туршлагаа нээлттэй хуваалцах нь түүнд сэтгэлзүйн хувьд тус болсон тухай:
“Хувьдаа би энэ талаар ярилцах төдийд л өөрийгөө бага ганцаардсан мэт мэдэрдэг. Бид нэгнээ ойлгож, туулж буй өвдөлт, хүндрэлийнхээ талаар хамтдаа ярьж чадвал энэ ганцаардмал аялал арай бага ганцаардмал санагддаг”
хэмээн ярьжээ.
Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн судалгаанд $5 сая хандивлана
Hailey Bieber өөрийн туршлагаас гадна ойр дотнын хүмүүс нь судалгаа харьцангуй дутмаг эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудалтай тулгарч байсныг онцолсон байна.
Үүнтэй холбоотойгоор түүний үүсгэн байгуулсан Rhode брэнд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн судалгааны зөрүүг багасгах зорилготой Foundation For Women’s Health санд гурван жилийн хугацаанд нийт 5 сая ам.доллар хандивлахаар болжээ.
Хандивыг эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн судалгааг дэмжихэд бүрэн зарцуулахаар төлөвлөсөн байна.
2022 оны эрүүл мэндийн ноцтой асуудлаа мөн дурсжээ
Hailey Bieber 2022 онд тархины цусан хангамж түр хугацаанд алдагдах TIA буюу “мини харвалт”-тай төстэй байдалд орж, дараа нь зүрхний мэс засал хийлгэж байсан юм.
Тэр “Therapuss” подкастын үеэр:
“Тэр явдлын дараа би биедээ илүү мэдрэмтгий болж, үргэлж анхаардаг болсон”
хэмээн дурссан байна.
Мөн эрүүл мэнд, анагаах ухааны талаарх сонирхол нь Rhode брэндийг байгуулахад нөлөөлсөн гэж ярьжээ.
Hailey Bieber Rhode-ийг 2022 оны зургадугаар сард үүсгэн байгуулсан бөгөөд брэнд амжилттай хөгжсөний дараа e.l.f. Beauty компанид 1 тэрбум ам.долларын үнэлгээтэй хэлцлээр худалдсан талаар өмнө нь мэдээлж байсан юм.
Тэр саяхан Justin Bieber-ийн хамт БНСУ-д зочилж, мөн олны анхаарлыг татсан байна.