Нүүр хуудас КиноМайкл Жексоны тухай кино нээлтээрээ рекорд эвдлээ

Майкл Жексоны тухай кино нээлтээрээ рекорд эвдлээ

0 сэтгэгдэлүүд

Домогт дуучны амьдралыг өгүүлэх бүтээл богино хугацаанд асар их орлого олсон байна

Попын хаан хэмээн алдаршсан домогт дуучин Майкл Жексоны хувийн амьдралтай холбоотой маргаан, шүүмжлэл өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа ч түүний тухай намтарчилсан кино нээлтээ хийсэн даруйдаа орлогоороо шинэ дээд амжилт тогтоожээ. “Майкл” нэртэй уг кино дэлхийн хэмжээнд нийт 217.4 сая ам.долларын орлого олсон байна. Lionsgate студийн мэдээлснээр, энэ дүнгийн 97 сая ам.доллар нь АНУ болон Канадын зах зээлээс бүрдсэн аж.

Намтарчилсан кинонуудын нээлтийн орлогын рекордыг шинэчилжээ

Тус бүтээл уран бүтээлчдийн амьдралаас сэдэвлэсэн намтарчилсан кинонуудын нээлтийн орлогоор шинэ дээд амжилт тогтоосон байна. Ингэснээр өмнө нь өндөр орлогоороо тэргүүлж байсан “Straight Outta Compton” болон “Bohemian Rhapsody” зэрэг алдартай бүтээлүүдийн амжилтыг давжээ. Олон улсын зах зээлийн ихэнх хэсэгт уг киноны прокатыг Universal Pictures компани хариуцан ажилласан байна.

Lionsgate-ийн хувьд эрсдэл дагуулсан төсөл байв

Энэхүү кино нь Lionsgate студийн хувьд хамгийн эрсдэлтэй төслүүдийн нэг болсон гэж үзэж байна. Учир нь Майкл Жексон хувь хүнийхээ хувьд одоог хүртэл олон нийтийн дунд маргаан дагуулдаг хэвээр байгаа юм. Түүнийг өмнө нь бэлгийн хүчирхийлэлд буруутгаж байсан ч дуучин өөрөө эдгээр буруутгалыг няцааж байсан. Харин 2005 онд тэрээр шүүхээр цагаатгагдсан билээ.

Гэр бүлийн хүрээнд ч маргаан үүсгэжээ

Майкл Жексоны тухай энэхүү бүтээл дуучны гэр бүлийнхний дунд ч маргаан дагуулсан байна. Тухайлбал, түүний дүү Жанет Жексон киноны зураг авалтад оролцоогүй аж. Мөн дуучны охин Пэрис Жексон уг кинонд шүүмжлэлтэй хандсан байна.

Гол дүрийг Жаафар Жексон бүтээжээ

Киноны гол дүрд Майкл Жексоны төрсөн ахынх нь хүү Жаафар Жексон тоглосон юм. Тэрээр домогт дуучны амьдрал, уран бүтээлийн замналыг дэлгэцнээ амилуулсан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх