64 дэх удаагийн “Miss International” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Ш.Хүслэн оролцож байна. Тэмцээний ялагч арваннэгдүгээр сарын 25-нд Япон улсын Токио хотын Kanadevia Hall-д тодрох бөгөөд үүнээс өмнө “Miss International Official Fan Vote” онлайн санал хураалт эхэлжээ.
Энэхүү санал хураалт нь шүүгчдийн үнэлгээнээс тусдаа байдлаар олон нийтийн дэмжлэгийг тодорхойлох зорилготой. Бүс нутгийн шатанд хамгийн олон санал авсан оролцогчид үндсэн шалгаруулалтад тодорхой давуу боломж эдлэхээр төлөвлөсөн байна.
64 жилийн түүхтэй олон улсын тэмцээн
“Miss International” тэмцээн анх 1960 онд АНУ-ын Калифорни мужийн Лонг-Бич хотод зохион байгуулагдаж байжээ. Өдгөө дэлхийн хамгийн нэр хүндтэй гоо бүсгүй шалгаруулах тэмцээнүүдийн нэг болсон уг арга хэмжээ нь зөвхөн гадаад төрх, загварын өрсөлдөөнөөр хязгаарлагддаггүй.
Тэмцээн нь улс орнуудын найрамдалт харилцаа, соёлын солилцоо, харилцан ойлголцол, энх тайвны үзэл санааг дэмжих зорилготой. Оролцогчдыг “Гоо үзэсгэлэн, энх тайвны элч” хэмээн нэрлэдэг нь ч үүнтэй холбоотой.
Миссүүд өөрсдийн улсын түүх, соёл, уламжлалыг дэлхийд сурталчлахын зэрэгцээ хүмүүнлэгийн болон нийгмийн сайн сайхны төлөөх үйл ажиллагаанд оролцдог уламжлалтай. Мод тарих аян, олон улсын форум, буяны арга хэмжээ, зохион байгуулагч орны соёл урлагтай танилцах хөтөлбөрүүд ч тэмцээний нэг хэсэг болдог.
Ингэснээр оролцогчдыг зөвхөн гоо үзэсгэлэнгээр бус, үзэл бодол, нийгмийн оролцоо, бусдад үзүүлэх нөлөөгөөр нь үнэлэхийг зорьдог байна.
Өнгөрсөн жилийн буюу 63 дахь удаагийн тэмцээнд Колумбын Каталина Дуке тэргүүн титэм хүртсэн бол 2024 онд Вьетнамын Хюинь Тхи Тхань Тхюй ялагчаар тодорч байжээ. Венесуэл, Филиппин зэрэг улс энэ тэмцээнд олон удаа өндөр амжилт үзүүлсэн түүхтэй.
Монгол Улсаас ч олон жилийн турш гоо бүсгүйчүүд оролцож ирсэн бөгөөд 2011 онд И.Төгсөө хоёрдугаар байрт шалгарсан нь онцлох амжилтын нэг юм.
“Miss Mongolia 2026”-ийн үндэсний ялагч Ш.Хүслэн
Энэ жилийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлж буй Ш.Хүслэн нь хувцас дизайнер мэргэжилтэй бөгөөд модель, контент бүтээгч, бизнес хөгжлийн чиглэлээр ажилладаг.
Тэрээр “Miss Mongolia 2026” тэмцээний тэргүүн титмийг хүртэж, “Үндэсний ялагч”-аар шалгарснаар “Miss International”-ийн тайзнаа эх орноо төлөөлөх эрхтэй болсон юм.
Ш.Хүслэн өмнө нь өгсөн ярилцлагадаа:
“Олон жилийн тасралтгүй зохион байгуулагдсаар ирсэн эдгээр миссийн тэмцээн нь эх дэлхийн амар амгалан, олон улсын эв найрамдалд бүсгүй хүний гоо сайхнаар дамжуулан хүрч байдаг. Түрхэн зуур ч болов гэрэл гэгээтэй сайхан зүйлд дэлхий нийтээрээ анхаарлаа хандуулаасай гэж хүсдэг. Мөн мисс гэх алдар тухайн хүнийг насан туршид нь дагаж явах цол учир насан туршдаа бусдад зөвөөр үлгэрлэсэн нэгэн байхыг хичээж, суралцаж явна”
хэмээн ярьжээ.
Олон нийтийн санал үндсэн шалгаруулалтад нөлөөлнө
“Miss International Official Fan Vote” нь оролцогчдыг дэлхийн өнцөг булан бүрээс дэмжих боломжийг нээж байгаа бөгөөд энэ жилийн тэмцээний чухал хэсгийн нэг болж байна.
Гоо бүсгүй шалгаруулах олон улсын тэмцээн нь зөвхөн титэм гардуулах үйл явдал бус, тухайн улсын соёл, урлаг, үйлдвэрлэл, үнэт зүйл, эмэгтэйчүүдийн манлайллыг олон улсад таниулах томоохон талбар болдог.
Тиймээс Монголын оролцогчид өгсөн санал бүр зөвхөн нэг хүнийг дэмжихээс гадна Монгол Улсын нэр, соёлыг олон улсын тавцанд сурталчлахад чиглэсэн оролцоо болж байна.
Ш.Хүслэнд хэрхэн санал өгөх вэ?
Санал өгөхийг хүссэн хэрэглэгчид “Miss International” тэмцээний албан ёсны аппликейшнийг ухаалаг утсандаа суулгаж, 2026 оны оролцогчдын жагсаалтаас “Mongolia” эсвэл “Khuslen Shirendev” нэрээр хайх боломжтой.
Үүний дараа Ш.Хүслэнгийн профайлыг сонгож, санал өгөх хэсгийн зааврыг даган, саналын боломж, багц болон төлбөрийн нөхцөлийг шалгаж баталгаажуулах юм.