20 жилийн дараах үргэлжлэл Умард Америкт тэргүүллээ
20 жилийн өмнө үзэгчдийн хүртээл болсон алдарт киноны үргэлжлэл “The Devil Wears Prada 2” нээлтийн эхний өдрүүдийн орлогоороо Умард Америкийн кино театрын зах зээлийг тэргүүлжээ.
Exhibitor Relations компанийн мэдээлснээр, уг бүтээл өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ болон Канадын зах зээлээс нийт 77 сая ам.долларын орлого олсон байна.
Киноны үйл явдалд Anne Hathaway-ийн бүтээсэн гол дүр хатуу, зарчимч сэтгүүлийн эрхлэгч Miranda Priestly буюу Meryl Streep-ийн удирдлага дор дахин ажиллахаар эргэн ирдэг. Тэд зах зээл дээр байр сууриа хадгалахад улам хүндрэлтэй болсон хувцас загварын сэтгүүлээ аврахын тулд хамтран ажиллаж эхэлнэ.
Анхны кинонд дүр бүтээж байсан Stanley Tucci, Emily Blunt нар мөн өөрсдийн дүрээрээ эргэн ирсэн бол тус бүтээлд A зэрэглэлийн олон жүжигчин, алдартан туслах дүрээр оролцсон байна.
“Michael” кино хоёрдугаар байрт ухарлаа
“Vogue” сэтгүүлийн алдарт эрхлэгч Anna Wintour-оос сэдэвлэсэн Miranda Priestly-ийн дүрийг бүтээсэн Meryl Streep анхны киногоороо Golden Globe шагнал хүртэж, мөн Oscar-ийн шилдэг туслах дүрийн төрөлд нэр дэвшиж байв.
Өмнөх долоо хоногт Умард Америкийн кино театрын зах зээлийг попын хаан Michael Jackson-ы амьдралаас сэдэвлэсэн “Michael” кино тэргүүлж байсан юм. Нээлтийн долоо хоногтоо 97 сая ам.долларын орлого олсон уг бүтээл өнгөрсөн долоо хоногт 54 сая ам.долларын орлогоор “The Devil Wears Prada 2”-ын дараа хоёрдугаар байрт жагсжээ.
Харин гуравдугаар байранд “The Super Mario Galaxy Movie” 12.1 сая ам.долларын орлогоор орсон бөгөөд тус киноны нийт хуримтлагдсан орлого 400 сая ам.долларыг давсан байна.