Нүүр хуудас КиноЁн Сан Хогийн “Colony” Канны кино наадмын шөнийн хөтөлбөрт багтлаа

Ён Сан Хогийн “Colony” Канны кино наадмын шөнийн хөтөлбөрт багтлаа

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

БНСУ-ын найруулагч Ён Сан Хогийн шинэ бүтээл Colony 79 дэх удаагийн Канны кино наадамд албан ёсоор уригджээ. Зомби төрлийн триллер энэ кино наадмын “Midnight Screening” буюу шөнийн тусгай үзвэрийн хөтөлбөрт багтсан байна. Энэ жилийн Канны олон улсын кино наадам тавдугаар сарын 12-23-ны хооронд зохион байгуулагдана.

Colony кино нь дэлхий даяар гэнэт тархсан халдварын дараа нэгэн барилгын дотор бүслэгдэн үлдсэн хүмүүс хэрхэн амьд үлдэхийн төлөө тэмцэж буйг өгүүлэх аж. Тэд халдварын улмаас зомби болон хувирсан амьтадтай нүүр тулан тэмцэх болно.

Канны кино наадмын гүйцэтгэх захирал Тьерри Фремо энэ бүтээлийн талаар ярихдаа хаалттай орчинд өрнөдөг, зомби сэдэвт аймшгийн кино гэдгийг онцлоод, Ён Сан Хог үзэгчид “Бусан орох галт тэрэг” киногоор нь хэдийн сайн мэддэг болсон хэмээн дурджээ. Түүний хэлснээр энэ удаа ч үзэгчдийг сонирхолтой өгүүлэмж, хүчтэй үйл явдал хүлээж байгаа аж.

Ён Сан Хо ийнхүү дөрөв дэх удаагаа Канны кино наадамд оролцох гэж байна. Түүний “The King of Pigs” хүүхэлдэйн кино 2012 онд тус наадмын “Алтан камер” шагналд нэр дэвшиж байсан бол дараа нь “Бусан орох галт тэрэг” кино нь мөн “Midnight Screening” хөтөлбөрт шалгарч байв. Ингэснээр найруулагч арван жилийн дараа Канны улаан хивсэн дээр дахин алхах мөч ойртож байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх