Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар жил бүр зохион байгуулдаг “Жангар” наадам энэ жил тав дахь удаагаа болох гэж байна. Ганц бие залуусыг байгаль эхтэйгээ ойр, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хоорондоо танилцан харилцаа холбоогоо тэлэхэд чиглэсэн уг энтертайнмент эко-фестиваль нь салбартаа анхдагч бөгөөд хамгийн томоохон арга хэмжээнд тооцогддог.
Тус арга хэмжээ долоодугаар сарын 26-наас 29-ний өдрүүдэд үзэсгэлэнт Дөргөн нуурын эрэг дээр буюу Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутагт өрнөнө. Энэхүү фестивальд Монгол Улсын 21 аймаг, нийслэл хотоос гадна ОХУ-ын Буриад, Өвөрмонголоос 18-аас дээш насны залуус хүрэлцэн ирж, нэгэн дор цугладгаараа онцлогтой.
Оролцогчдод зориулан хөгжлийн болон уралдаан тэмцээний дараах олон талт хөтөлбөрүүдийг зохион байгуулахаар төлөвлөөд байна:
- Сургалт мэдээлэл: Залуучуудын гэр бүл төлөвлөлт болон ургийн бичиг хөтлөх арга зүйн талаарх зөвлөгөө
- Соёл, урлаг: Нийгэм, соёл хүмүүжлийн илтгэлүүд болон урлагийн тоглолтууд
- Спортын уралдаан: Элсний волейбол, элсний сумо, олс таталт зэрэг залуусын сонирхлыг татсан тэмцээнүүд
Наадам болох Дөргөн нуур нь Монгол Улсын долоодахь том нуур бөгөөд Ховд аймгийн Чандмань, Говь-Алтай аймгийн Хөхморьт, Завхан аймгийн Дөрвөлжин сумын заагт оршдог. Улаанбаатар хотоос 1300 км зайтай орших Баруун Монголын Их нууруудын хотгор дахь тус давст нуурын байгалийн үзэсгэлэнг тольдонгоо залуус наадмын өдрүүдэд чуулах юм.