Өмнөд Солонгосын К-драма сонирхогчид жүжигчин Ли Санг Бо зуурдаар таалал төгссөн мэдээнд цочирдоод байна. Тэрээр 45 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд дурдсанаар, 27-ны өдрийн үдээс хойш гэр бүлийнхнийх нь өгсөн дуудлагын дагуу цагдаа нар шалгалт хийхэд Ли Санг Бо 26-ны өдөр амьсгал хураасан байдалтай олджээ. Хэргийн газарт очсон цагдаагийн алба хаагчид үхлийн шалтгааныг нарийвчлан судалж байгаа бөгөөд одоогоор тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
1981 онд төрсөн Ли Санг Бо 2006 онд KBS сувгийн “Invisible Man Choi Jang Soo” драмаар жүжигчний гараагаа эхэлж, “Bad Love”, “Private Life” зэрэг олон бүтээлд дүрээ мөнхөлсөн юм. Ялангуяа тэрээр “Miss Monte Cristo”, “Elegant Empire” цувралуудад гол дүр бүтээж, чадварлаг жүжигчин гэдгээ батлан харуулж байв. Дэлгэцийн бүтээлүүдээс “Нууцлахын тулд, агуу байх” болон “Mephisto” кинонд тоглосноороо үзэгчдэд танигдсан төдийгүй Японы кино урлагт ч хүч үзэж байсан нэгэн юм.
Өнгөрсөн жил тэрээр шинэ агентлагтай гэрээ байгуулж, дараагийн төсөлдөө бэлтгэж байх үедээ ийнхүү таалал төгссөн нь шүтэн бишрэгчдийг нь илүү их харамсуулж байна.
Шүтэн бишрэгчдийнх нь дунд түүнийг амиа хорлосон байж магадгүй гэх таамаглал яригдаж байгаа юм. Учир нь тэрээр 2022 онд хар тамхи хэрэглэсэн гэх хэрэгт холбогдож байсан билээ. Гэвч тухайн үед уг хэрэг нь сэтгэл гутралын эсрэг эм хэрэглэснээс үүдэлтэй ташаа ойлголт байсан нь тогтоогдож, цагдаагийн байгууллагаас түүнийг буруугүй гэж үзэн хэргийг хааж байв. Хэдийгээр тухайн үед нэр хүнд нь сэвтэж, хүнд нөхцөл байдалд орсон ч тэрээр бууж өгөлгүй урлагтаа эргэн ирсэн бөгөөд үзэгчид түүнийг ихээхэн дэмжиж байсан юм.