Бямба, 10 сар 24, 2026
Нүүр хуудас Уран сайханФинландчууд гөлөгнүүдийн 24/7 шууд дамжуулалтад “дурлаж”, үзэлт нь олон саяд хүрчээ

Финландчууд гөлөгнүүдийн 24/7 шууд дамжуулалтад “дурлаж”, үзэлт нь олон саяд хүрчээ

0 сэтгэгдэлүүд

Финландын үндэсний телевиз Yle өхөөрдөм гөлөгнүүдийн өдөр тутмын амьдралыг тасралтгүй шууд дамжуулж, олон сая хүний анхаарлыг татаж байна.

“Pentulive” буюу “Puppy Live” нэртэй уг шууд дамжуулалтаар Lagotto Romagnolo үүлдрийн Hilkka нэртэй нохойн гөлөгнүүд хэрхэн унтаж, тоглож, өсөж байгааг 24 цагийн турш үзүүлэх аж.

Hilkka аравдугаар сарын 10-нд нийт зургаан гөлөг төрүүлсэн бөгөөд тэдний хоёр нь эм, дөрөв нь эр байна. Үүний дараахан Yle шууд дамжуулалтаа эхлүүлжээ.

Гөлөгнүүд шинэ эзэддээ очих хүртэл буюу арванхоёрдугаар сар хүртэл уг шууд дамжуулалтыг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.

“Pentulive” аль хэдийн зургаа дахь улиралдаа хүрчээ

Yle-ийн гөлөгнүүдийг харуулдаг энэхүү төсөл шинээр эхэлсэн зүйл биш. “Pentulive” энэ жил зургаа дахь улирлаа хүргэж байгаа бөгөөд өмнөх жилүүдэд ч Финландад өндөр үзэлт авч байжээ.

Финланд улс 5.66 сая орчим хүн амтай ч өнгөрсөн жилийн “Pentulive” шууд дамжуулалт 6.5 сая хандалт авсан байна. Харин сошиал платформ дахь холбогдох хуудсуудын нийт үзэлт 20 сая орчимд хүрчээ.

Ингэснээр энэхүү энгийн мэт боловч тайвшруулах, өхөөрдөм агуулга үндэсний телевизийн хамгийн их анхаарал татдаг төслүүдийн нэг болж чадсан байна.

Энэ жил Hilkka-гийн зургаан гөлөг өмнөх улирлуудын амжилтыг давж, бүр ч өндөр үзэлт авах боломжтой гэж эх сурвалжууд таамаглажээ.

Хүмүүсийн хувьд гөлөгнүүдийн унтах, тоглох, хоорондоо ноцолдох, ээжтэйгээ хамт байх энгийн мөчүүдийг харах нь тайвшрах, өдөр тутмын стрессээс хэсэгхэн хугацаанд хөндийрөх нэг төрлийн зугаа болж байгаа аж.

Ийнхүү Yle-ийн “Pentulive” Финландын хүн амаас ч давсан хэмжээний үзэлт цуглуулж, өхөөрдөм гөлөгнүүдийн өдөр тутмын амьдралыг харуулсан шууд дамжуулалт хэр их сонирхол татаж болдгийг дахин харуулж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх