Дэвид болон Виктория Бекхэм нар Английн Котсуолдс бүсэд байрлах тансаг харшийнхаа өргөтгөлийн ажлаас болж хөршүүдтэйгээ дахин зөрчилдөөнд оржээ.
Од хос 16 сая ам.долларын үнэлгээтэй хөдөө орон нутгийн эдлэн газраа өргөтгөх төлөвлөгөө гаргасан нь орон нутгийн оршин суугчдын дургүйцлийг төрүүлсэн байна. Тэд газрынхаа дагуу ойролцоогоор 80 мод тарих, мөн зэрлэг цэцэг бүхий нуга байгуулах зөвшөөрөл хүссэн аж. Энэ нь эзэмшлээ гаднын нүднээс халхлах зорилготой гэж үзэж байна.
Гэвч нэгэн хөрш албан ёсоор эсэргүүцэл гаргаж, уг төслийг шүүмжилжээ. Тэрээр “Энэ хүсэлт бол зүгээр л доог тохуу. Та аль хэдийн зам тавьж, хаалга суурилуулж, цахилгаан татаж, мод тарьж, хашаа барьчихсан байхад дахин зөвшөөрөл авах хэрэг юу байна вэ? Хэрэв үүнийг зөвшөөрвөл тэдний байшин жинхэнэ цайз болно” хэмээн мэдэгдсэн байна.
Бекхэмийн гэр бүл уг газрыг арван жилийн өмнө 8 сая ам.доллароор худалдан авч, хуучирсан эдлэнг орчин үеийн, тансаг харш болгон өөрчилсөн бөгөөд одоогийн үнэлгээ нь хоёр дахин өсөөд байна. Гэвч засвар, шинэчлэлийн ажлуудын улмаас хөршүүдтэйгээ өмнө нь хэд хэдэн удаа маргалдаж байжээ.
Сүүлийн үед Бекхэмийн гэр бүл өөр асуудлаар ч анхаарал татаж байгаа. Тэдний том хүү Бруклин эцэг эхээ олон жилийн турш хэт хяналт тавьсан, олон нийтийн сүлжээгээр дарамт үзүүлсэн, мөн түүний гэрлэлтийг сүйтгэхийг оролдсон хэмээн буруутгасан. Түүнчлэн тэрээр гэр бүлийнхээ талаар илэн далангүй дурсамжаа бичихээр төлөвлөж байгаа талаар мэдээлэл гарсан байна.
