Монголын поп-рок урлагийн нүүр царай болсон GUYS хамтлаг анхны задгай талбайн тоглолтоо энэ сарын тавдугаар сарын 31-нд Social Pay Park-т (хуучнаар HIT Park) “Сургууль минь баяртай” нэртэйгээр хийхээр болжээ.
2008 онд “My UB” цомогт багтсан, оюутны дурсамжийг хөглөдөг энэхүү дуу нь төгсөлтийн баярын бэлгэ тэмдэг болон хоногшсон тул тоглолтын нэрийг ийнхүү сонгожээ.
Хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал:
“Задгай талбайд тоглолт хийх нь бидний мөрөөдөл байсан. 28 жилийнхээ ойгоор энэ мөрөөдлөө биелүүлж байна. Тоглолт гурван хэсгээс бүрдэнэ: амьд хөгжимтэй эхлээд, хайрын дуунуудаар үргэлжилж, хит дуунууд буюу ‘Best of best’-ээр өндөрлөнө. Нийтдээ 28 дууг хүргэнэ” гэж хэлэв.
Тоглолтын ерөнхий найруулагчаар “Фантастик” продакшны Б.Тамир, ерөнхий зохион байгуулагчаар Event X компани ажиллаж байгаа нь шинэлэг, мэргэжлийн тоглолт болохын илэрхийлэл юм. GUYS хамтлагийн гишүүд бүгд мэргэжлийн жүжигчид учир тоглолт нь зөвхөн дуу биш, урлагийн цогц бүтээл байх болно гэдгийг онцоллоо.
Хамтлагийн ахлагч Д.Лхагва:
“Сургууль минь баяртай” дуу маань 17 жилийн турш оюутнуудын зүрх сэтгэлд амьдарсаар ирсэн. Хүн бүрийн амьдралд оюутан насны дурсамж байдаг учраас энэ тоглолт тэр бүхнийг сэрээх болно” хэмээн онцолжээ.
Мөн тоглолтод зочин уран бүтээлчид оролцох бөгөөд хамтлагийн гишүүн М.Мягмар гадаадад ажиллаж, амьдарч буй тул энэ удаад оролцохгүй аж. Гэсэн ч түүний орон зайг хамтлагийн бусад баргил хоолойтой гишүүд нөхнө гэж тэд тайвшруулав.
Дуучин А.Төгсбаяр:
“Манай дуунууд хэн нэгнийг буруутгадаггүй, гэгээлэг байдаг. Энэ удаагийн тоглолт ч тийм л уур амьсгалтай, хөгжимлөг, дурсамжтай байх болно” хэмээжээ.
GUYS хамтлаг 1997 оны арваннэгдүгээр сарын 16-нд байгуулагдсан бөгөөд 2027 онд 30 жилийнхээ ойн тоглолтыг бүрэн бүрэлдэхүүнээрээ хийхийг хүсэж буйгаа энэ үеэр онцолсон байна.