Олон жилийн дараа жүжигчин Сон Хе Гё Сон Жун Ки-тэй гэрлэлтээ цуцлуулсан бодит шалтгааны талаар анх удаа ам нээж, тэдний харилцаа хүүхэдтэй болох болон амьдралын зорилгын зөрүүнээс болж төгсгөл болсон гэдгийг дурджээ.
2019 онд Сон Жун Ки гэнэт салалтын тухай мэдэгдэж, 1 жил 8 сарын хугацаанд үргэлжилсэн тэдний гэрлэлт төгссөн нь олон нийтийг цочирдуулж байсан. Тухайн үед янз бүрийн цуурхал, таамаг өргөн тархсан ч хоёр тал албан ёсны тайлбар өгөөгүй хэвээр байсан юм.
Хятадын 163 агентлагийн мэдээлснээр Сон Хе Гё саяхан нэгэн арга хэмжээний үеэр энэ асуудлыг хөндөн ярьжээ. Тэрээр тэд хүүхэдтэй болох болон амьдралын төлөвлөгөөний талаар огт өөр үзэл бодолтой байсан гэж тайлбарласан байна.
Сон Жун Ки уламжлалт гэр бүлд өссөн тул гэрлэсний дараа хурдан хүүхэдтэй болохыг хүсэж байсан бол Сон Хе Гё үүнд өөр байр суурьтай байжээ. Түүний эцэг эх бага насанд нь салсан нь гэр бүлийн талаарх ойлголтод нь нөлөөлсөн бөгөөд эхлээд бат бөх харилцаа, итгэлцэл бий болгох ёстой гэж үздэг байсан байна.
Мөн карьер нь ид оргил үедээ байсан тул жирэмслэлт, гэр бүлд төвлөрөхөөс илүү уран бүтээлдээ анхаарахыг хүссэн гэдгээ илэрхийлсэн. Тэрээр “Эмэгтэй хүний үнэ цэнийг хүүхэд төрүүлэхтэй холбож болохгүй” гэж онцолсон байна.
Салалтын дараа тэрээр удаан хугацаанд хувийн амьдралынхаа талаар дуугараагүй бөгөөд сэтгэлзүйн хувьд бүрэн эдгэхэд тав орчим жил зарцуулсан гэж мэдээлжээ. Энэ хугацаанд талархлын тэмдэглэл хөтлөх зэргээр өөрийгөө сэргээж чадсан байна.
Харин түүний карьер “The Glory” цувралын амжилтаар дахин сэргэж, илүү гүнзгий дүр бүтээх чадварыг харуулсан шинэ үеийг эхлүүлжээ. Нөгөө талаас Сон Жун Ки 2023 онд дахин гэрлэж, хоёр хүүхдийн эцэг болсон байна.
