Ли Сын Гигийн өмнө нь харьяалагдаж байсан Hook Entertainment агентлагийн захирал Квон Жин Ён компанийн хөрөнгийг хувийн зорилгоор ашигласан хэрэгт буруутгагдан, тэнсэн харгалзах ял сонсжээ.
Сөүлийн Өмнөд дүүргийн шүүхээс түүнд хоёр жилийн хорих ял оноосон боловч уг ялыг дөрвөн жилийн хугацаагаар тэнсэж хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Түүнийг хөрөнгө завшсан, мөн эдийн засгийн гэмт хэрэгтэй холбоотой итгэл эвдсэн үйлдэл гаргасан гэж үзжээ.
Шүүхийн тайлбарт, компани жижиг байсан ч байгууллагын хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах нь хүлээн зөвшөөрөх аргагүй бөгөөд энэ нь холбогдох бусад хүмүүст хохирол учруулж болзошгүй гэж онцолсон байна. Гэхдээ Квон Жин Ён өөрт нь холбогдох хэргүүдийг хүлээн зөвшөөрч, завшсан мөнгөө буцаан төлсөн нөхцөлийг мөн харгалзан үзжээ.
Түүнийг 2012-2022 оны хооронд Hook Entertainment-ийн ойролцоогоор 4 тэрбум воны хөрөнгийг хувийн хэрэгцээндээ ашигласан гэж буруутгасан байна. Үүнд тавилга худалдан авах, даатгалын шимтгэл төлөх зэрэг зардлууд багтаж байгаа аж.
Мөн тэрээр нэг ажилтнаараа дамжуулан нойрны эм хууль бусаар авсан хэрэгт ч холбогдоод байгаа юм.
Үүнээс гадна Квон Жин Ён нь Hook Entertainment-тэй 18 жилийн турш хамтран ажилласан дуучин, жүжигчин Ли Сын Гитэй тооцоо, олговрын мөнгөтэй холбоотой маргаанд орж байсан билээ.