Японы алдарт хосууд албан ёсоор гэр бүл болсноо мэдэгдэв
Японы уран бүтээлч Юки Учидa, Такаши Кашивабара нар 15 жилийн хамтын амьдралынхаа дараа албан ёсоор гэр бүл болсноо зарлалаа.
Дөрөвдүгээр сарын 3-нд хосууд албан ёсны мэдэгдэл гаргаж, гар гараасаа хөтөлсөн, ижил бөгж зүүсэн сэтгэл хөдөлгөм зургаа хамт нийтэлсэн байна. Тэд мэдэгдэлдээ олон жилийн турш бие биенээ түшиж, дэмжиж ирсэндээ талархаж буйгаа илэрхийлээд, харилцаа нь одоо “албан ёсоор гэр бүлийн хэлбэрт шилжлээ” хэмээн онцолжээ.
Юки Учида болон Такаши Кашивабара нарыг Японы энтертэйнмент ертөнцийн хамгийн үлгэр жишээ хосуудын нэг гэж нэрлэдэг. Өдгөө 50 настай ч залуу, дэгжин төрхөөрөө магтагдсаар ирсэн Учидa, мөн нэгэн үе “зууны төгсгөлийн зүрх булаагч” хэмээн алдаршиж байсан Кашивабара нар анх 1995 онд сурталчилгааны төсөл дээр хамтран ажиллах үеэрээ танилцжээ. Дараа нь 2001 оны Big Wing драмд хамт тоглосон нь фенүүдийн нүдэнд тэдний зохицлыг улам тодруулсан байна.
Хосын түүх шууд эхлээгүй ч олон жилийн дараа жинхэнэ хайр болжээ
Гэвч тэдний хайр дурлалын замнал шулуун байгаагүй юм. Хоёулаа өөр өөрийн амьдралтай байж, гэрлэлт, салалтын дараа амьдралынхаа өөр өөр үе шатанд дахин ойртсон аж. Тэд 2010 оны орчимд дахин холбогдож, олны анхаарлаас хол, нам гүмхэн үерхэж эхэлжээ.
Тэр үеэс хойш Кашивабара жүжигчний ажлаасаа аажмаар хөндийрч, илүү арын албаны үүрэг гүйцэтгэх болсон байна. Тэр байтугай Учидaгийн карьерыг ч удирдах болж, мэргэжлийн болон хувийн хамтын амьдрал нь бараг салшгүй болсон аж.
Хосуудын мэдэгдэлд дурдсанаар, тэдний харилцаа олон нийтэд аль хэдийн мэдэгдэж байсан учраас өмнө нь үүнийг тусгайлан зарлах шаардлагагүй гэж үздэг байжээ. Харин энэ удаад олон жилийн турш дэмжиж ирсэн хүмүүстээ талархал илэрхийлэхийн тулд энэ мэдээг хуваалцахаар шийдсэн байна.
“Бидний хамт өнгөрүүлсэн цаг хугацаа одоо гэр бүлийн хэлбэрт шилжлээ” гэж тэд мэдэгдээд, цаашдаа ч бие биеийхээ халамж, дулааныг эрхэмлэн, мөр зэрэгцэн алхсаар байхыг хүсэж байгаагаа илэрхийлжээ.
Энэ оны эхээр Учидa Кашивабарагийн удирддаг “Ten Beans” агентлагт нэгдсэн нь тэдний хувийн болон мэргэжлийн амьдрал улам гүн холбогдсоныг илтгэсэн дохио болсон юм.
Ийнхүү тэдний гэрлэлт нь зүгээр нэг шинэ эхлэл биш, харин олон жилийн турш нам гүмхэн хэр нь бат бөх үргэлжилсэн хайрын түүхийн оргил мөч болж байна. Энтертэйнментийн ертөнцөд ийм удаан хугацаанд тогтвортой хадгалагдсан харилцаа ховор байдаг тул энэ мэдээ олон хүний сэтгэлийг хөдөлгөлөө.