Крис Мартинтай салсны дараа жүжигчин залуу уран бүтээлчтэй үнсэлцэж харагджээ
36 настай Дакота Жонсон хувийн амьдралынхаа шинэ үеийг эхлүүлсэн бололтой. Өнгөрсөн зун Coldplay хамтлагийн дуучин Крис Мартинтай найман жилийн харилцаагаа дуусгасан жүжигчин бүсгүйг 28 настай реппер Такер Пиллсберитэй үнсэлцэж байх үед нь Лос-Анжелес хотын зогсоол дээр гэрэл зурагчид олж харжээ.
Энэ нь Дакота Жонсон, Такер Пиллсбери нарыг хамтдаа харсан анхны тохиолдол биш юм. Үүнээс өмнө тэднийг Лос-Анжелес дахь нэгэн ресторанд найзуудын хамт сууж байхад мөн олж үзсэн байна. Тэр үдэшлэгийн үеэр жүжигчин бүсгүй репперийг тэвэрч, дотно харьцаж байсан нь ч хүмүүсийн анхаарлыг татаж байжээ.
Найман жилийн харилцааны дараа Дакота Жонсон шинэ амьдрал руу орж байна
Жүжигчин Мелани Гриффитийн охин Дакота Жонсон 2017 онд Coldplay хамтлагийн гоцлол дуучин, Гвинет Пэлтроугийн экс нөхөр Крис Мартинтай болзож эхэлсэн. Крис Мартин түүнээс 12 насаар ах байсан бөгөөд хосууд Малибуд хамт амьдарч, бүр сүй тавьсан гэх мэдээлэл ч гарч байв.
Гэвч өнгөрсөн жил тэд харилцаагаа эцэслэх шийдвэр гаргасан юм. Харин одоо Дакота Жонсон шинэ хайр дурлалын холбоотой болсон байж магадгүй гэх яриа ийнхүү улам хүчтэй өрнөж эхэллээ.
