Шин Э Ригийн дүр түүнийг алдартай болгосон ч хүнд үе рүү түлхжээ
008 онд анх үзэгчдийн хүртээл болсон “Temptation of Wife” буюу “Эхнэрийн урхи” олон ангит кино дахин дэлгэцнээ гарч, олны анхаарлыг татаж байна. Өшөө авалтын сонгодог сэдвээрээ өнөөг хүртэл яригдсаар ирсэн энэхүү бүтээлийн эсрэг дүрийг бүтээсэн жүжигчин Ким Со Хён тухайн дүрээсээ болж сэтгэл зүйн асар их дарамт туулж байсан тухайгаа хуваалцжээ.
Тэрээр уг кинонд найзынхаа нөхрийг булаахын тулд юу ч хийхээс буцдаггүй, эцэс төгсгөлгүй тэмцэгч Шин Э Ригийн дүрийг чадварлаг бүтээсэн билээ. 1973 онд төрсөн, 1994 оноос урлагийн замаа эхлүүлсэн жүжигчин бүсгүйн хувьд энэхүү дүр нь түүний карьерын өгсөлт байсан уу, эсвэл уналт байсан уу гэдэг нь өнөөг хүртэл маргаантай байдаг.
Учир нь “Эхнэрийн урхи” түүнийг олон нийтэд хүчтэй таниулсан ч Шин Э Ригийн дүр хэтэрхий “хүчтэй” хоногшсон тул тэрээр дараагийн хэдэн жилд шинэ дүр, уран бүтээлийн санал бараг аваагүй аж. Кино дууссаны дараа тэрээр сурталчилгаа болон шинэ саналууд ар араасаа ирнэ гэж найдаж байсан ч, эсрэг дүрийг “хэт сайн” гаргасных нь улмаас үзэгчид түүнийг бодит амьдрал дээр ч дүртэй нь холбон хүлээж авсан байна. Энэ нь түүнд сэтгэл зүйн гүн дарамт болж үлджээ.
Кино гарсны дараахан үзэгчид түүнийг жүжигчин Ким Со Хён гэхээсээ илүү Шин Э Ри гэж ойлгож, дүртэй нь хамт үзэн ядах хандлага хүчтэй байсан нь түүнд маш хүнд туссан байна. Зураг авалтын үеэр ч тэр ихэвчлэн хашхирч, орилж, хүчтэй сэтгэл хөдлөл гаргах шаардлагатай байсан тул бие махбод, сэтгэл санааны хувьд туйлддаг байжээ.
Гэсэн ч тэр энэ дүрээрээ 2009 оны SBS Drama Awards-аас “Шилдэг жүжигчин” шагнал хүртсэн юм. Хэдийгээр энэ дүр түүнд хэдэн жилийн турш хүнд ачаа болж үлдсэн ч дараа нь өөрийгөө улам хат суусан, илүү хүчтэй хүн болгож чадсан нь хамгийн том ололт байсан тухай дурдсан байна.
Цуурхал, эрсдэлтэй дүрүүд, хувийн сонголтоороо тэр үргэлж анхаарал татсаар иржээ
“Temptation of Wife” киноны дараа Ким Со Хёны талаар трансжендер гэх яриа хүртэл тархаж байсан ч энэ нь баталгаагүй цуурхал байжээ. Үнэндээ тэр 1992 онд “Miss Gangwon” гоо бүсгүйн тэмцээнд амжилттай оролцож, тэр үеэс урлагийн замнал нь эхэлсэн байна. Энэ эхлэл нь түүнийг Өмнөд Солонгосын хатуу, хүчтэй дүр төрхтэй эмэгтэй жүжигчдийн нэг болгосон гэж үздэг.
Тэр үргэлж сорилттой, эрсдэлтэй дүрүүд сонгох дуртай нэгэн байсаар иржээ. 2021 онд “Mine” цувралд ижил хүйстэн эмэгтэйн дүр бүтээсэн бөгөөд энэ талаар ярихдаа тухайн дүрийг бэлгийн цөөнхийн асуудал гэж бус, харин “цэвэр хайр дурлалын түүх” гэж харсан учраас сонгосон хэмээн тайлбарлаж байв.
Мөн “Sky Castle” бүтээл дэх дүр нь түүнд дахин өндөр үнэлгээ авчирсан ч үүний цаана бас л золиос байсан байна. Учир нь дүрийн шаардлагаар байнга төгс, гөлгөр үс засалттай ажилласны улмаас түүний хуйханд асуудал үүсэж, бүр халзралттай тулгарчээ. Энэ тухайгаа тэр “Толгой маань маш их өвддөг байсан. Үүндээ ихэд бухимддаг байсан. Энэ байдал маань хүндрээд үс маань халзарч, хуйхны зарим хэсгээ нүүр будалтын аргаар дүүргэх шаардлагатай болдог байсан” хэмээн ярьсан байна.
“Ажилтайгаа гэрлэсэн” Ким Со Хён өөрийнхөөрөө амьдрахыг илүүд үздэг
Ким Со Хён өөрийгөө “ажилтайгаа гэрлэсэн эмэгтэй” гэж тодорхойлдог. Тэр энэ жил 53 нас хүрч байгаа ч одоогоор гэрлэж байгаагүй бөгөөд гэрлэлтийг яарах зүйл гэж үздэггүйгээ илэрхийлж байсан. Харин карьер болон өөрийн хувь хүний хөгжилд төвлөрөхийг илүүд үздэг гэжээ.
2018 онд түүнийг жүжигчин И Мин У-тай гэрлэх гэж байна гэх мэдээлэл цахим орчинд тарсан ч энэ нь ямар ч үндэслэлгүй цуурхал байсныг хоёр талын агентлагууд үгүйсгэж байсан юм. Тухайн үед агентлагууд “Энэ бол ямар ч үндэслэлгүй, инээдтэй цуурхал төдий зүйл” хэмээн мэдэгдэж байжээ. И Мин У ч саяхан өгсөн ярилцлагадаа энэ утгагүй ярианаас болж Ким Со Хёноос хүртэл уучлалт гуйх тухай бодож явсан гэж хэлсэн байна.
Чөлөөт амьдрал, тогтмол арчилгаа түүний залуу төрхийн нууц болжээ
Ким Со Хён чөлөөт, бие даасан амьдралдаа дуртайгаас гадна амьтанд маш хайртай нэгэн аж. Зураг авалтын талбай дээр ч тэр залуу жүжигчдэд эелдэг, халамжтай ханддаг бөгөөд олон хүн түүнээс зөвлөгөө авч, үлгэр жишээ болгодог байна.
Тэр 50 гаруй насандаа ч чийрэг бие, залуу төрхөөрөө олны анхаарлыг татсаар байгаа. Үүнийгээ тогтмол Pilates-ээр хичээллэх, хоолны дэглэмээ хатуу барихтай холбон тайлбарладаг. Мөн стрессээс хол байхыг хичээж, арьсаа сайтар цэвэрлэж, тогтмол чийгшүүлэн, өдөр бүр нарны тос хэрэглэхийг хамгийн чухал дадал гэж үздэг байна.
Саяхан өгсөн ярилцлагадаа тэр “Би өөрийгөө байгаагаар нь хайрлаж, өөртөө цаг гаргахыг хамгийн чухалд тооцдог” хэмээн хэлжээ.