Нүүр хуудас Кино15 жил хил даваагүй найруулагч Каннын дээд шагналыг хүртэж, дэлхий дахиныг алмайруулав

15 жил хил даваагүй найруулагч Каннын дээд шагналыг хүртэж, дэлхий дахиныг алмайруулав

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Өнгөрсөн Бямба гарагт өндөрлөсөн Каннын олон улсын кино наадмын гол шагнал болох “Дал модны алтан навч”-ыг Ираны эрх баригчдын эсрэг байр суурьтай уран бүтээлч Жафар Панахи хүртсэн нь энэ жилийн хамгийн их анхаарал татсан үйл явдлуудын нэг байлаа. Тэрээр “Энэ бол зүгээр л осол байсан” нэртэй, өшөө авалтын утга агуулгатай бүтээлээрээ ийнхүү ялалт байгуулсан юм.

Жафар Панахи нь өнгөрсөн хугацаанд Ираны хилээр гарах эрхээ 15 жилийн хугацаагаар хасуулж, улмаар гурван жилийн өмнө хоригдож байхдаа өлсгөлөн зарласны эцэст суллагдаж байсан нэгэн билээ. Түүний энэхүү чухал шагналыг Каннын улаан хивсэн дээр Холливүүдийн нэрт жүжигчин Кэйт Бланшет өөрийн гараар гардуулан өгсөн нь ёслолд цацрал нэмэв.

Каннын наадмын хаалтын үйл ажиллагаа товлосон цагтаа эхлэхэд багагүй саад тулгарсан бөгөөд Францын өмнөд хэсгийг хамарсан томоохон цахилгааны саатал хот даяар эрчим хүчгүй болгож, наадмын хөтөлбөрийг хэсэг хугацаанд тасалдуулсан юм. Гэсэн хэдий ч улаан хивсний ёслол эхлэхээс өмнө Канн хотын цахилгаан хангамж бүрэн сэргэж, арга хэмжээ саадгүй үргэлжилжээ. Хууль сахиулагчдын мэдээлснээр уг тасалдлыг санаатайгаар үйлдсэн байж болзошгүй гэж сэжиглэн мөрдөн шалгаж эхлээд байна.

Наадмын хоёр дахь том шагнал болох Гран Приг Норвегийн найруулагч Йоахим Триер “Сэтгэлийн Үнэ цэн” хэмээх гэр бүлийн драм төрлийн бүтээлээрээ хүртсэн бол улс төрийн өнгө аяс давамгайлсан Бразилын “Нууц агент” кино шилдэг найруулагч болон шилдэг эрэгтэй жүжигчний шагналуудыг авч, үзэгчдээс өндөр үнэлгээ авав. Францын жүжигчин Надиа Меллити “Бяцхан эгч” кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг эмэгтэй жүжигчнээр шалгарсан байна. Мөн Ирак улсын түүхэнд анх удаа Каннын шагналыг хүртсэн найруулагч Хасан Хади “Ерөнхийлөгчийн бялуу” нэртэй бүтээлээрээ шилдэг анхны киноны эзэн болжээ.

78 дахь удаагийн Каннын наадам улс төр, геополитикийн нөхцөл байдал кино урлагт нөлөөлсөн түүхэн цаг үед өндөрлөсөн юм. Наадам эхлэхээс хэдхэн хоногийн өмнө АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп гадаад орнуудад бүтээгдсэн кинонуудад 100 хувийн татвар ногдуулах санаачилга гаргасан нь кино урлагийн олон төлөөлөгчийн дургүйцлийг төрүүлжээ. Энэхүү байр суурийг АНУ-ын алдарт найруулагч Вэс Андерсон ил тод шүүмжилсэн бөгөөд тэрбээр “Та нар киногоо хил гаалиар нэвтрүүлж чадах нь уу? Киног ийм замаар үзүүлдэггүй юм” хэмээн хурц мэдэгдэл хийсэн нь шүүмжлэлийн төвд орсон байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээх