70 дахь удаагийн тэмцээний нээлт болов
“Eurovision-2026” дууны уралдааны албан ёсны нээлтийн ажиллагаа тавдугаар сарын 10-ны ням гаргийн орой Австрийн нийслэл Вена хотноо боллоо.
Энэ жил тэмцээн 70 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд оролцогчид 170 метр урт оюу өнгийн хивсэн дээгүүр алхаж ёслолын талбайд хүрэлцэн иржээ.
Уг хивсийг Вена хотын Бургтеатраас эхлэн Ратуша буюу хотын захиргааны ордон хүртэл зассан байна. Тэнд Вена хотын дарга Михаэль Людвиг болон зохион байгуулагчид уран бүтээлчдийг угтан авчээ.
Израилын оролцоог эсэргүүцсэн бойкот зарлагдсан
Энэ удаагийн “Eurovision”-ы бэлтгэл ажил уралдааны түүхэн дэх хамгийн хурцадмал нөхцөлүүдийн нэгийн үед өрнөсөн байна.
Нидерланд, Ирланд, Исланд, Испани, Словени зэрэг таван улсын телевизийн компани Израилыг оролцуулж буйг эсэргүүцэн тэмцээнийг бойкотлож байгаагаа зарлажээ.
Гэсэн хэдий ч Израилын төлөөлөгч Ноам Беттан хотын захиргааны ордны өмнөх талбайд зассан хивсэн дээгүүр алхах үед эсэргүүцсэн чанга хашхираан сонсогдоогүй байна. Тухайн өдөр болон өмнөх өдөр нь цөөн тооны эсэргүүцлийн жагсаал болсон ч тэд нээлтийн ёслолын талбайгаас өөр байршилд өрнөжээ.
Жагсагчид Газын зурвас дахь Израилын цэргийн ажиллагааны улмаас олон палестин хүн амиа алдсан гэж үзэн, Израилыг “Eurovision”-оос хасахыг шаардсан байна.
Израилын төлөөлөгчдийн аюулгүй байдлыг чангатгажээ
Вена хотод Израилын төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд онцгой арга хэмжээ авчээ.
Австрийн эрх баригчдын мэдээлснээр, болзошгүй цахим халдлагаас урьдчилан сэргийлэх зорилгоор АНУ-ын Холбооны мөрдөх товчоотой хамтран ажиллаж байгаа аж.
Гэсэн ч нээлтийн ёслол ерөнхийдөө тайван болж өнгөрсөн байна. Оролцогчид олны өмнө гарч ирэх бүрд хөгжөөн дэмжигчид “Eurovision”-ы хөгжмийн аянд ухаалаг утсаа зэрэг өргөн мэндчилж байжээ.
Хагас финалууд тавдугаар сарын 12, 14-нд болно
Нээлтийн ёслол нь уралдааны хугацаанд бүх оролцогч нэг дор цуглардаг цорын ганц арга хэмжээ юм.
Зарим оролцогч тавдугаар сарын 12 болон 14-нд болох эхний хоёр хагас финалын дараа тэмцээнээс хасагдана. Харин финал тавдугаар сарын 16-ны бямба гарагт Wiener Stadthalle цэнгэлдэх хүрээлэнд болно.
Эцсийн шатанд нийт бүртгүүлсэн 35 оролцогчоос 25 нь тайзнаа гарах юм.
Хар, улаан өнгө нээлтийн ёслолын гол тренд болов
“Eurovision”-ы нээлтийн ажиллагаа нь тэмцээний хамгийн тансаг арга хэмжээнүүдийн нэгт тооцогддог. Оролцогчид энэ үдэш зориулан онцгой гоёл сонгодог уламжлалтай.
Энэ жилийн ёслолын гол өнгө төрхөд хар болон улаан өнгө давамгайлжээ.
Финландын хослол түрүүлэх магадлал өндөр байна
Финалын шат болохоос долоо хоногийн өмнөх таамгаар Финландын хийлч Линда Лампениус болон дуучин Пете Паркконен нарын хослол түрүүлэх хамгийн өндөр магадлалтайд тооцогдож байна.
Тэдний гол өрсөлдөгчөөр Грекийн Akylos, Данийн Сёрен Торпегор Лунн, Францын Monroe, Австралийн Дельта Гудрем нар нэрлэгдэж байна.
Эхний аравт багтах боломжтой оролцогчдын тоонд Украиныг төлөөлж буй LELÉKA хамтлаг ч багтжээ. Тус хамтлагийн гишүүд болон гоцлол дуучин Виктория Корникова Берлин хотод амьдардаг байна.
Харин Германы нэрийн өмнөөс Сара Энгельс оролцож байна.
1 comment
Eurovision эхлэхээр л баярын уур амьсгал ордог