BLACKPINK-ийн Lisa, Anitta, Rema нарын хамтарсан “Goals” дуу 2026 оны FIFA World Cup-ийн албан ёсны дуугаар танилцуулагдсан ч цацагдсан даруйдаа цахим орчинд ширүүн маргаан дагууллаа.
ДАШТ-ийн өмнө гарсан “Goals” нь олон улсын фенүүдийн дунд анхаарал татсан ч зарим нетизенүүд дууны үг, санаа, ерөнхий өнгө аясыг шүүмжилж байна. Тэдний үзэж буйгаар World Cup-ийн дуу нь улс орнууд, соёл, хөлбөмбөгийн нэгдлийг илэрхийлэх ёстой байтал “Goals” илүү хувь хүний дүр төрх, гадаад төрх, өөртөө төвлөрсөн утгатай сонсогдсон гэжээ.
Зарим хэрэглэгчид дууны үг “хөлбөмбөгөөр дамжуулан дэлхий нэгдэх” гэсэн санаанаас хол, харин “сайхан харагдах”, “бие галбир” зэрэг өнгөц сэдэвт төвлөрсөн гэж шүүмжилсэн байна.
Нэгэн хэрэглэгч:
“World Cup-ийн дуу өөр өөр соёлын хүмүүс хөлбөмбөгөөр нэгдэж буй тухай байх ёстой. Гэтэл энд тэр сайхан харагдах, хэлээ гаргах тухай дуулж байна”
гэж бичжээ.
Өөр нэг хэрэглэгч “World Cup бол гэр бүлээрээ үздэг, эв нэгдэл, энх тайван, хамтын мэдрэмжийг сурталчлах ёстой арга хэмжээ” гэж шүүмжилсэн байна.
Мөн зарим нь “Goals”-ийг өмнөх ДАШТ-ийн алдарт дуунуудтай харьцуулжээ. Тухайлбал, Shakira-гийн “Waka Waka”, Jungkook-ийн “Dreamers” зэрэг дуунууд мөрөөдөл, нэгдэл, эрч хүч, тэмцлийн утга агуулгатай байсан бол Lisa, Anitta нарын хэсэг “миний бие бол goal” гэх мэт илүү өөрийгөө төвд тавьсан агуулгатай гэж үзсэн байна.
Jungkook-ийн “Dreamers”-тэй харьцуулалт дахин гарчээ
Шүүмжлэл дунд BTS-ийн Jungkook-ийн 2022 оны ДАШТ-д зориулсан “Dreamers” дууг олон хүн жишээ болгон дурджээ. Тэд “Dreamers” нь хөлбөмбөгийн дэлхийн хэмжээний арга хэмжээнд тохирсон илүү эв нэгдэлтэй, урам зориг өгөх мессежтэй байсан гэж бичсэн байна.
Зарим хэрэглэгчид “Goals”-ийг World Cup-ийн anthem гэхээсээ илүү клубийн эсвэл хувийн имиджийн дуу шиг сонсогдож байна гэж үзжээ. Үүнээс болж дууны үг “ичмээр”, “тохиромжгүй”, “хэт superficial” гэх шүүмжлэлүүд гарсан байна.
Гэсэн ч Lisa-гийн фенүүд дууг хамгаалж, “Goals” нь уламжлалт ДАШТ-ийн anthem-ээс өөр, илүү поп, глобал энтертайнментын өнгө аястай бүтээл гэж тайлбарлаж байна. Тэд Lisa, Anitta, Rema нарын хамтын ажиллагаа нь гурван өөр тивийн хөгжмийн хэв маягийг нэгтгэсэн, залуу үеийн сонсогчдод чиглэсэн төсөл гэж үзжээ.
Маргаантай байсан ч “Goals” дуу олон нийтийн сүлжээнд өргөн хэлэлцэгдэж, Lisa-гийн нэр дахин тренд болж байна. Дууны талаарх үнэлгээ хоёр хуваагдсан хэвээр байгаа бөгөөд нэг хэсэг нь World Cup-ийн уур амьсгалд тохироогүй гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь шинэ өнгө аястай, зоригтой сонголт гэж хамгаалж байна.