Гиннесийн хэд хэдэн дээд амжилтын эзэн, дэлхийн хэмжээний поп од дуучин PSY (Пак Жэ Сан) гуравдагч этгээдээр дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хүлээн авсан хэрэгт буруутгагдаж, яллагдагчаар татагдлаа. Түүний холбогдсон уг хэргийг энэ сарын 1-ний өдөр Сөүл хотын Баруун дүүргийн прокурорын газарт албан ёсоор шилжүүлсэн байна. MBC агентлагийн мэдээлснээр, тус хэрэгт их сургуулийн эмнэлгийн профессор, PSY болон түүний менежер зэрэг нийт дөрвөн хүнийг Эмнэлгийн үйлчилгээний тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шалгаж байгаа аж.
Өмнөд Солонгос улсын Эрүүл мэндийн тухай хуульд донтуулах, хамаарал үүсгэх өндөр эрсдэлтэй сэтгэцэд нөлөөт эмийг заавал эмчтэй биечлэн уулзаж, оношлуулсны дараа тусгай жороор авах ёстой гэж заасан байдаг. Гэвч дуучин PSY нь 2022 оноос хойш өөрийн менежер болон бусад зуучлагчдыг ашиглан сэтгэцэд нөлөөт эмүүдийг дамжуулан авч байсан нь тогтоогджээ. Түүний хэрэглэж байсан эмүүдийн төрөлд дараах сэтгэцэд нөлөөт бэлдмэлүүд багтаж байна.
- Xanax (Ксанакс): Нойргүйдэл, сэтгэл түгшилт болон депрессийн үед уудаг хүчтэй үйлчилгээтэй эм.
- Stilnox (Стилнокс): Нойрны гүн өөрчлөлтийн үед хэрэглэдэг сэтгэцэд нөлөөт бэлдмэл.
Агентлагийн тайлбар ба хайхрамжгүй байдал
Түүний үүсгэн байгуулсан бөгөөд харьяалагддаг “P Nation” агентлагийн зүгээс үүссэн нөхцөл байдалд хайхрамжгүй хандсанаа хүлээн зөвшөөрч, дараах албан ёсны тайлбарыг өгчээ.
“Нойрсуулах эмийг өөр хүнээр дамжуулж авхуулсан нь бидний хайхрамжгүй байдал, томоохон алдаа байлаа. Бид уг эмийг бусдын нэрийг ашиглан хууль бусаар аваагүй. PSY нойрны архаг өөрчлөлттэй тул эмчийн заавраар дээрх эмүүдийг хэрэглэдэг байсан бөгөөд зөвхөн цар тахлын үеэр зайнаас тусламж үзүүлэх горимыг цар тахал дууссаны дараа ч үргэлжлүүлсэн нь алдаа боллоо.”
Цагдаагийн байгууллагаас хэргийн мөрдөн байцаалтын хүрээнд “P Nation” агентлагийн төв оффис болон дуучин PSY-ийн хувийн гар утсанд нэгжлэг хийж, шаардлагатай баримтуудыг хураан авсан байна. Одоогоор уг хэрэгт холбогдуулан нийт 5-6 хүнийг хамааруулан нарийвчлан шалгаж байгаа бөгөөд прокурорын шатанд хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.