2016 онд үзэгчдийн дунд ихээхэн шуугиан тарьж, к-драмын хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болсон “Goblin” киноны гол дүрийн жүжигчид дахин нэгджээ. Тус бүтээлийн арван жилийн ойд зориулан tvN телевиз “Хамтдаа гялалзъя-Goblin 10 жилийн ойн аялал” нэртэй тусгай нэвтрүүлэг бэлтгэж, анхны teaser-ээ 05-р сарын 22-нд олон нийтэд хүргэсэн байна.
“Хамтдаа гялалзъя-Goblin 10 жилийн ойн аялал” нэвтрүүлэг солонгосын цагаар 07-р сарын 04-ны 21:10-аас цацагдана. Энэхүү тусгай дугаар нь дэлхий даяар үзэгчдийг байлдан дагуулсан “Goblin” киноны арван жил болон tvN телевизийн хорин жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм.
Дурсамж сэргээсэн teaser
Teaser цацагдсаны дараа фенүүд “яг л 2016 онд буцсан мэт санагдлаа”, “хуучин дурсамжууд сэргэж байна” гэх мэт сэтгэгдлүүд үлдээжээ. Богино бичлэгт жүжигчид кинонд Жи Өн-так чөтгөрийг анх дууддаг алдарт Каннөн хотын Жүмүнжинд очсон нь харагдсан байна.
Мөн бичлэгийн ард “Goblin”-ы сүлд дуу болох “Beautiful” эгшиглэж, улаан ороолт, сагаг цэцэг зэрэг киноны бэлгэдэл болсон зүйлсийг харуулжээ. Энэ нь олон жилийн өмнөх гол дүрүүдийн дурсамж, киноны уур амьсгалыг үзэгчдэд дахин мэдрүүлсэн байна.

Жүжигчдийн уулзалт үзэгчдийг догдлуулав
Нэвтрүүлгийн teaser-т жүжигчдийн яриа, сэтгэгдэл ч онцгой анхаарал татжээ. Gong Yoo баяртай байгаагаа “Өнөөдрийг хамтдаа хөгжилтэй өнгөрүүлцгээе” хэмээн илэрхийлсэн бол Kim Go-eun “Бид энд сүүлд ирснээс хойш арван жил өнгөрчээ” гэж хэлсэн байна.
Lee Dong-Wook болон Yoo In-na нар ч уулзалтын мөчөө хуваалцаж, “Аль хэдийн арван жил өнгөрчихсөн үү?”, “Бүх зүйл яг л хуучин хэвэндээ байна шүү” хэмээн ярьжээ. Тоор хочтой хос болох Lee Dong-Wook, Yoo in-na хоёр “Санаж байна уу? Goblin кинон дээр яг ийм өнгөтэй далай гардаг даа” хэмээх алдарт хэсгээ дахин амилуулсан бол Gong Yoo, Kim Go-eun нарын дотно уур амьсгал ч үзэгчдийн анхаарлыг татсан байна.
Арван жилийн дараах энэхүү уулзалт зөвхөн фенүүдэд бус жүжигчдэд ч сэтгэл хөдөлгөм байжээ. Gong Yoo “Үнэхээр сонин мэдрэмж төрж байна” хэмээн нулимс цийлгэнүүлж ярьсан бол Yoo in-na “Би энэ мөчийг хэзээ ч мартаж чадахгүй байх” гэж сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

“Goblin” 2016 онд цацагдсан даруйдаа 20%-иас дээш үзүүлэлт авч чадсан анхны драма болж байв. Тухайн үед үзэгчид царайлаг чөтгөр, түүний өхөөрдөм сүйт бүсгүйн хайрын түүхийг ам уралдан ярьж, зохиолч Kim Eun-sook, найруулагч Lee Eung-bok болон гол дүрийн жүжигчид өндөр үнэлгээ авч байсан юм.
Кино цацагдсанаас хойш арван жил өнгөрсөн ч үзэгчдийн хайр, дурсамж хэвээр байгаа нь “Goblin” бүтээлийн нөлөө, чанарыг харуулж байна. Нэвтрүүлгийн багийн мэдээлснээр гол дүрийн дөрвөн жүжигчний жинхэнэ сэтгэл хөдлөл, хөгжилтэй мөчүүд, ойр дотно харилцааг тусгай дугаарт харуулах аж.
Эх сурвалж: The Chosun Daily