Дэлхийн адууны өдрийг Монгол Улс анх удаа өргөн хүрээнд тэмдэглэнэ
Монгол Улс 2026 оны долоодугаар сарын 11-13-ны өдрүүдэд Дэлхийн адууны өдрийг анх удаа зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэхүү арга хэмжээнд Дэлхийн адууны өдрийг санаачлагч улс орнууд болон олон улсын зочид, төлөөлөгчид оролцох юм.
Адууны соёл, нүүдлийн өв уламжлал, монголчуудын амьдралын хэв маягтай салшгүй холбоотой үнэт өвийг олон улсад таниулах зорилготой уг өдрүүдээр соёл, урлаг, спорт, эрдэм шинжилгээ, ёслол хүндэтгэлийн олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
56 орны төлөөлөгч Монголд цуглана
Дэлхийн адууны өдрийг тохиолдуулан нийт 56 орны зочид, төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирэхээр байна. Тэд адууны өв соёл, нүүдлийн иргэншлийн уламжлалтай танилцаж, олон улсын түвшний цуврал арга хэмжээнд оролцох аж.
Хөтөлбөрийн онцлох хэсгүүдийн нэг нь 10 мянган морьтны жагсаал байх юм. Энэхүү морьт жагсаал нь монгол адуу, морьтон соёл, уламжлалт ахуйг дэлхий дахинд харуулах томоохон үйл явдал болохоор хүлээгдэж байна.
“Physical Asia” шоуны оролцогчид жагсаалд оролцоно
Энэ удаагийн онцгой арга хэмжээнд дэлхий дахинд танигдсан “Physical Asia” шоуны шилдэг оролцогчид оролцохоор болжээ. Тухайлбал, Japan, South Korea, Philippines, Australia зэрэг орны шилдэг оролцогчид Дэлхийн адууны өдрийн 10 мянган морьтны жагсаалд нэгдэхээ мэдэгдсэн байна.
Тэдний зарим нь урилгаа аль хэдийн гардан авсан бөгөөд Монголд ирж, морьт жагсаал болон бусад соёлын арга хэмжээнд оролцохоор төлөвлөжээ.
Шоуны дараа Монголыг сонирхох гадаад зочдын тоо нэмэгджээ
“Physical Asia” шоу анх цацагдсанаас хойш Монгол Улсыг сонирхох гадаад үзэгч, оролцогчдын анхаарал нэмэгдсэн байна. Тус шоуны дараа дээрх дөрвөн орноос 10 гаруй зочин Монголд ирж, монгол ёс заншил, өв соёлтой танилцжээ.
Мөн тэд Монголын тухай тусгай нэвтрүүлэг бэлтгэн буцсан нь манай улсын нүүдлийн соёл, адууны өв уламжлалыг олон улсад сурталчлахад нэмэр болжээ.
Монгол адууны өв соёлыг дэлхийд харуулах боломж
Дэлхийн адууны өдөр нь зөвхөн баяр ёслолын арга хэмжээ бус, монголчуудын адуутай холбогдсон түүх, соёл, ахуй, нүүдлийн иргэншлийн үнэ цэнийг олон улсад таниулах чухал боломж гэж үзэж байна.
10 мянган морьтны жагсаал, олон улсын зочдын оролцоо, “Physical Asia” шоуны алдартай оролцогчдын ирэлт нь энэ арга хэмжээг илүү өргөн цар хүрээтэй, олон нийтийн анхаарал татсан үйл явдал болгох төлөвтэй байна.