Энэ оны эхээр “Netflix”-ийн “When Life Gives You Tangerines” цуврал олны хүртээл болсны дараа жүжигчин Пак Бо Гум олон хүний сэтгэлд “үлгэр жишээ нөхрийн” дүрээр хоногшсон билээ. Гэвч түүний шүтэн бишрэгчдэд зориулсан шинэ бэлэг бол түүний дараагийн бүтээл — “Good Boy” цуврал. Энэ удаад тэрээр өөрийн танил дулаахан төрхөөс эрс өөрчлөгдөж, шударга ёсыг дээдлэгч, хүчирхэг залуу офицерын дүрд эргэн иржээ.
“Good Boy” цувралд спортын шилдэг тамирчид байсан залуус янз бүрийн нөхцөл байдлаар цагдаагийн албанд орж, гэмт хэрэгтэй тэмцэж буй тухай өгүүлнэ. Хүч, авьяасаа зөвхөн ялалт биш шударга ёсны төлөө зориулж буй тэдний түүх олны анхаарлыг татаж байна. Пак Бо Гумын хувьд олимпийн боксын аварга тамирчны дүрийг бүтээсэн бөгөөд түүний эрэлхэг, зоригтой төрх нь өмнөх бүтээлүүдийн дүрээс эрс ялгарч, шүүмжлэгчдээс ч эерэг үнэлгээ аваад байна.
Цувралын эхний ангид төрөл бүрийн спортын үндэсний тамирчид хэрхэн цагдаагийн офицер болохоор шийдэж, иргэний аюулгүй байдлын төлөө зүтгэх болсон шалтгаануудыг харуулна. Үндэсний баатар хэмээн хүндлэгдэж явсан тэдний зарим нь улс төр, нийгмийн дарамтад орж, өөр сонголтгүйд хүрдэг бол зарим нь шударга ёсны төлөө сайн дураараа зүтгэхийг илүүд үздэг.
“Good Boy” цувралын найруулагчаар “Beyond Evil”, “The Good Bad Mother” бүтээлүүдээрээ танигдсан Шим На Ён, зохиолчоор “Life on Mars”, “Chief of Staff”-ын Ли Дэ Ил ажилласан нь цувралын чанарт итгэл төрүүлж байна.
Олны хайр хүндэтгэлийг хүлээж чадсан Пак Бо Гум шинэ бүтээлээрээ жүжигчний хувьд хэрхэн өсөн дэвжиж буйгаа дахин нэг харуулж, дүрийн цар хүрээ, дүр төрхөө шинэ шатанд гаргаж чаджээ.