Netflix-ийн “When Life Gives You Tangerines” цувралаар үзэгчдэд танил болсон жүжигчин Chae Seo An удахгүй дахин IU-тай хамтран шинэхэн романтик драмд тоглож магадгүй боллоо. Blitzway Entertainment-ээс мэдээлснээр, тэрээр MBC телевизийн шинээр бүтээгдэж буй “21-р зууны ханхүүгийн эхнэр” цувралд тоглох урилгыг эерэгээр хүлээн авч, одоогоор хэлэлцээ үргэлжилж байна.
Тус драмын үйл явдал Солонгос улс хаант засаглалаа хадгалсан хэвээр буй хувилбар орчлонцод өрнөнө. IU-гийн бүтээх Sung Hee Joo бол хааны угсаатай биш ч бүхнийг атгасан чинээлэг гэр бүлийн өв залгамжлагч бүсгүй. Харин Byeon Woo Seok-ийн дүр болох Yi Wan нь хааны хүү хэдий ч юу ч үгүй хоцорсон нэгэн. Тэдний эсрэг тэсрэг ертөнцөөс үүдэлтэй хайр дурлалын түүх уг цувралын гол өрнөл байх аж.
Харин Chae Seo An нь язгууртны гэр бүлээс гаралтай бүсгүй бөгөөд IU-гийн дүрийн бэр дүүгийн дүрд тоглохоор яригдаж байна. Хэрвээ түүний оролцоо албан ёсоор батлагдвал энэ нь IU-тай хамтран ажилласан хоёр дахь удаагийн төсөл нь болох юм.
“21-р зууны ханхүүгийн эхнэр” драмыг 2026 оны эхний хагаст MBC телевизийн баасан, бямба гаригийн хуваарийн дагуу олон нийтэд хүргэхээр төлөвлөж байна. Хүлээлт өндөртэй энэхүү төсөл Солонгосын орчин үеийн романтик зохиолын шинэ өнгө төрхийг тодорхойлохуйц бүтээл болно гэж шүтэн бишрэгчид таамаглаж байна.