Цахим спортын хамгийн нэр хүндтэй, дэлхий дахинд хүлээлт үүсгэдэг “CS2” төрлийн Мэйжор тэмцээн АНУ-ын Остин хотноо амжилттай үргэлжилж байна. Өчигдөр буюу 2025 оны зургадугаар сарын 12-нд тус тэмцээний гуравдугаар шатны тоглолтууд эхэлж, шилдэг багууд хүч үзэж эхэллээ. Монголын “The MongolZ” баг энэхүү шатанд анхны тоглолтуудаа хийв.
Тэд эхний тоглолтоо Бразилын “FURIA” багийн эсрэг хийж, ширүүн өрсөлдөөний дүнд 11-13 гэсэн харьцаатай харамсалтайгаар ялагдсан юм. Тоглолт тун тэнцүүхэн өрнөж, чухал раундууд дээр алдаа гаргасан нь хожлын хувь заяаг шийдсэн гэж хэлж болно. Хоёр баг өмнө нь зургаан удаа таарч тоглоход “The MongolZ” таван удаа ялж байсан түүхтэй.
Харин дараагийн тоглолтдоо Монголын баг АНУ-ын “Liquid” багтай тулж, 13-7 гэсэн үнэмлэхүй ялалтыг авч, Мэйжор дахь анхны хожлоо бүртгэлээ. “Liquid” эхэндээ 5-0 гэсэн илүү оноотой эхэлсэн ч “The MongolZ” дараалан долоон раунд хожиж, эхний хагасыг илүүрхсэн. Тэд хоёрдугаар хагасд ч давуу байдлаа хадгалж, өрсөлдөгчдөө сэргэх боломж олгосонгүй.
Ийнхүү “The MongolZ” баг гуравдугаар шатны эхний өдрийг 1 хожил, 1 ялагдал гэсэн үзүүлэлттэйгээр өндөрлүүлж байна. Тэд өнөө шөнө 00:15 цагт Хятадын “Lynn Vision” багийн эсрэг гурав дахь тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа юм.
Тэмцээний гуравдугаар шатанд анхаарал татсан бас нэгэн үйл явдал болсон нь Францын домогт “Vitality” баг ялагдал хүлээсэн явдал байлаа. Энэ жил байнга түрүүлж, нийт 30 дараалсан хожилтой явсан тус баг энэ удаад Бразилын “Legacy” багт 13-3 гэсэн онооны зөрүүтэйгээр бут ниргүүлжээ. “Legacy” баг эхэндээ АНУ-ын визний асуудлаас болж оролцох боломжгүй болсон Аргентины “BESTIA” багийг орлон оролцож байгаа хэдий ч хүчирхэг өрсөлдөгчөө гайхшируулсан тоглолт үзүүлсэн юм.
“Vitality” багийн энэхүү 30 тоглолтын хожлын цуврал нь CS2-ийн түүхэнд хоёрдугаарт бичигдэх урт цуврал болж байв. Тэдний тасралтгүй ялалтын зам “Legacy”-ийн гарт ийнхүү дуусгавар болсон нь олон шүтэн бишрэгчдэд гэнэтийн үйл явдал болж хүрлээ.
Тус тэмцээний хүрээнд “The MongolZ” багийн албан ёсны ивээн тэтгэгчээр 1xBet ажиллаж байна.