2025 оны зургадугаар сарын 13-ны энэ өдөр BTS хамтлагийн 12 жилийн ой тохиож байна. Дэлхийн сая сая шүтэн бишрэгчдийн зүгээс «Арми»-даа хүндэтгэл үзүүлэн BTS хамтлагт халуун баяр хүргэж байна.
К-поп ертөнцөд анх жижиг агентлагт нэгдсэн долоон залуугийн хүсэл мөрөөдөл өнөөдөр дэлхийн хөгжмийн түүхэнд нэрээ алтан үсгээр бичсэн бахархалт замнал болон үлджээ. 2013 онд «2 Cool 4 Skool» нэртэй сингл цомгоор дебютээ хийсэн BTS 2014 онд «Dark & Wild», Японд «Wake Up» цомгуудаа танилцуулж, уран бүтээлчийн хувьд хүчтэй хурдацтай өссөн билээ. 2016 оны «Wings» цомог нь Өмнөд Солонгост нэг сая хувь борлогдсон анхны цомог нь болсон бол 2017 онд олон улсад албан ёсоор нэвтрэн, Солонгосын давлагааг АНУ-ын зах зээл рүү хүчтэй авчирсан анхдагч хамтлаг болжээ.
Тэд “Mic Drop” дуугаараа АНУ-ын RIAA-гаас «Gold» гэрчилгээ авсан анхны Солонгос хамтлаг болж, 2018 онд «Love Yourself: Tear» цомгоороо Billboard 200 жагсаалтыг тэргүүлсэн анхны Солонгос уран бүтээлчид болсон юм. The Beatles хамтлагаас хойш хамгийн хурдан хугацаанд АНУ-д дөрвөн цомгоо чартад нэгдүгээр байрт оруулсан уран бүтээлчид ч мөн BTS байлаа. 2020 онд «Dynamite», «Life Goes On», «Savage Love» дуунуудаараа Billboard чартуудыг удаа дараа тэргүүлж, 2021 онд Грэмми шагналд нэр дэвшсэн анхны к-поп хамтлаг болсноор тэдний түүхэн амжилт улам баталгаажсан.
BTS 2023 он гэхэд 40 сая гаруй цомог борлуулсан бөгөөд энэ нь тэднийг Өмнөд Солонгосын хөгжмийн түүхэн дэх хамгийн их борлуулалттай хамтлаг болгосон юм. Тэд 2018 онд Солонгосын Соёлын гавьяаны Хвагван одонгоор шагнагдсан хамгийн залуу хүмүүс болж, “RUN BTS”, “Bon Voyage”, “In the Soop” зэрэг олон цуврал нэвтрүүлэг, “Burn The Stage”, “Bring The Soul”, “Break The Silence” зэрэг баримтат кинонуудыг үзэгчдэд хүргэж байв.
Одоогоор зургаан гишүүн нь цэргийн албаа дуусгасан бол хамгийн сүүлчийн гишүүн Мин Юнги 2025 оны зургадугаар сарын 21-нд албаа өндөрлүүлнэ. Тэдний эргэн ирэлтэд дэлхий даяар Арми нар хүлээлттэй байгаа бөгөөд “BTS is back” гарчигтай мэдээллүүд цахим ертөнцийн тренд болоод буй. Үүнтэй зэрэгцэн Hybe энтертайнментын хувьцаа огцом өссөн нь ч олон нийтийн анхаарлыг татсан.
BTS-ийн арвин амжилтад НҮБ-ын Ерөнхий Ассамблейд үг хэлж, “Billboard Music Awards”, “American Music Awards” зэрэг томоохон наадмуудаас шагнал хүртсэн, мөн Грэмми-д нэр дэвшсэн, Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзсан зэрэг түүхэн үйл явдлууд багтдаг.
Энэхүү 12 жилийн ойн хүрээнд BTS-ийн онцлох амжилтуудыг дараах он цагийн дарааллаар товчлон танилцуулж байна:
- 2013.06.13 – “2 Cool 4 Skool” цомгоор дебютээ хийв.
- 2015.05.05 – “I Need U” дуу анх удаа хөгжмийн шоунд нэгдүгээр байр эзлэв.
- 2016.10.10 – “Wings” цомог Billboard 200-д 26-д бичигдэв.
- 2016.11.20 – “Melon Music”-ийн “Оны шилдэг цомог” шагналыг хүртэв.
- 2017.05.21 – Billboard Music Awards-аас “Top Social Artist” шагналыг анх удаа хүртэв.
- 2017.09.18 – “Love Yourself” цомог Billboard 200-д 7-р байрт жагсав.
- 2017.10.31 – ЮНИСЕФ-тэй хамтран “Өөрийгөө хайрла” аяныг эхлүүлэв.
- 2017.11.19 – AMA-д “DNA” дуугаараа үзүүлбэр үзүүлэв.
- 2018.02.12 – “DNA”, “Mic Drop” нь RIAA-аас “Gold” гэрчилгээ авсан анхны K-pop дуунууд болов.
- 2018.05.30 – Billboard Artist 100-д нэгдүгээр байрт орсон анхны К-поп хамтлаг болов.
- 2018.09.24 – НҮБ-ын Ерөнхий Ассамблейд илтгэл тавив.
- 2020.11.24 – “Dynamite” дуугаараа анхны Грэмми номинацид нэр дэвшив.
- 2021.11.23 – “Butter” дуугаараа хоёр дахь удаагаа Грэмми-д нэр дэвшив.
- 2022.05.31 – Ерөнхийлөгч Жо Байдентай Цагаан ордонд уулзав.
- 2022.12 сар – MAMA Platinum шагналыг хүртсэн анхны уран бүтээлчид болов.
- 2023.06.09 – “Take Two” сингл Billboard Global 200-г тэргүүлэв.
- 2023.08.31 – “Seven” дуу 100 сая хандалт авч Геннисийн рекорд эвдэв.
- 2024.01.25 – “Dynamite” дуу Youtube дээр 1.9 тэрбум үзэлттэй болов.
- 2024.09.15 – “Spring Day” дуу MelOn дээр 1 тэрбум стрим давсан анхны к-поп дуу болов.
- 2024.07 сар – Жин “Парис 2024” олимпын наадмын галт бамбарыг зөөв.
- 2025.02.25 – J-hope анхны соло дэлхийн аялан тоглолтоо эхлүүлэв.
BTS-ийн 12 жилийн урт, бахархам аялал нь зөвхөн хөгжмийн амжилт биш, соёл, нийгмийн нөлөөлөл, үнэнч фанатуудтай хэрхэн хамтдаа өсч дэвжиж болохыг харуулсан гайхалтай жишээ билээ.
